Ай Даа Хутаг: Зовлон үзэж байвал завшаантай юу, завшаангүй юу?
Танхимаас: Завшаантай
Ай Даа Хутаг: Харин тийн, тэгэхдээ тэрийг удаан эдэлж болохгүй шүү дээ. Зовлон дээрээ зовлон болж болохгүй. Та нар жаахан удаан эдлээд ирэхээр зовлонгоо гэтлэх биш, зовлон дээрээ зовлон нэмээд, далайд дусал нэмэр гэдэг шиг түүндээ зовлонгийн дусал болоод байна.
Нойргүйдэл бол өвчин дотроо хамгийн төвөгтэй өвчин. Тэгэхдээ та өдий хүртэл өөрийгөө маш сайн аргацаасан байна. Маш сайн аргалсан байна. Гурван жилийн хугацаанд бол аль эрт Шар хад руу юм уу нэг тийшээ явчихсан байгаа. Гурван жилийн дотор ингээд байж байна гэдэг нь өөртөө их арчаатай байна.
Харамсалтай нь одоо та унтахад ямар байдгийг мэдэхээ байчихсан байгаа. Мэдэхээ байчихсан учраас та арван минут юм уу, таван минут, нэг цаг, хэдэн цаг унтсан ч гэсэн тэрэнд дандаа ханамжгүй байна. Яагаад гэвэл олон сар жил ингээд явчихаар тэр нойр үгүйдэл өөрөө тийм үгүйрэл, өөрөө тийм гуйлгачин байдалтай болчихдог. Тэгэхээр та бүтэн найман цаг унтсан ч гэсэн чамлана. Тэр сэтгэцийн хямрал өвчин ямар хугацаанд хэр удаан үргэлжлэх вэ гэдэг нь дараагийн хамгийн төвөгтэй үе. Унтаад байгаа мөртлөө түүндээ ханахгүй байна гэдэг нь аймшигтай.
Унтахгүй байгаа үед угаасаа унтахгүй байна гэдгээ мэдэж байгаа учраас. Одоо сайхан унтана. Тэгэхдээ унтана гэдэг нь та нарын бодол шиг, сэтгэл шиг, мэдрэмж шиг юм биш. Та нар бодол, сэтгэл, мэдрэмж, оюун ухаанаар хэзээ ч унтдаггүй, тэр үйл явцыг зохируулж чадахгүй. Та нар агаараа өөрсдөө зохируулж амьсгалдаг гэж үү? Агаар өөрсдөө олж амьсгалдаг юм уу?
Та нарын оролцоо бодол, сэтгэл, мэдрэмж, би үзлийн оролцоо байхгүйгээр явагдаж байгаа биз дээ үйл явц нь. Нойр унтах яг тийм байдаг. Та бүхэн алив зүйл дээр би амьсгалж байна, би унтаж байна гээд Би- гээд яваад байхаар тэр нь төөрөгдөл болчхоод зарим нэгэнд нь өвчин болоод байгаа.
Танхимаас: Өөрийн мэдэлгүй байж байхад цаанаасаа нойр хүрдэг, тийм үйл явц миний толгойд ерөөсөө байхгүй байна гэж ойлгоод байгаа.
Ай Даа Хутаг: Сав байдгаараа л байгаа.
Танхимаас: Сав нь маш их бохирдчихсон болов уу? Юм хүлээж авахгүй байна гэж байх уу?
Ай Даа Хутаг: Таны сав байдгаараа байгаа гэсэн шүү дээ. Би үзэл хаана байна? Би гэдэг үзэл аль вэ? Би гэдэг үзлээ надад хэлээдэх. Гаргаад харуулаадах.
Үргэлжлэл бий…
Зүрхэндээ анирдах ерөөлтэйг үг утгаар уншуулж байгаадаа хүлцэл өчье. Учир юу гэвээс Ай Даа Хутагийн Айлдвар, Сургаал, Сударыг бичгийн хэлэнд дуун хөрвүүлэг үйлдээгүй болно.
Өөрийгөө таньж мэдэхийг хүсэгч хэн бүхэнд зориулав.
Зүрхэндээ анирдахыг хичээгээрэй…
Эх сурвалж: Нийтийн Айлдвар