Ай Даа Хутаг: Оршихуйд буг байтугай бүх юм байхад юуг онцлох гэж

by admin

Танхимаас: Ай Даа нэг юм асууя. Буг гэж юу вэ. Сүүлийн үед маш их яригдах болж. Таньдаг айлд маань хүртэл асуудал болж байна. Танайд буг байна гээд. Хүүхдээс нь асуухаар зөндөө юм мэдэрч байна. Миний бодлоор буг шүглэсэн гэдэг ч юм уу, муу юм л ойлгогдоод байна л даа. Гэтэл тэнд байгаа юм юу вэ, аль нэг юмны сүнс юм уу, юу юм.

Ай Даа Хутаг: Гэрийн буг, онгод гэж үү.
Тийм. Гэрийн буг

Ай Даа Хутаг: Эртнээс л мэддэг байсан зүйл. Зарим нь хүн шиг хэлбэртэй, зарим нь амьтан шиг хэлбэртэй гээд л янз бүр байдаг л даа. Тэгэхээр ийм зүйлийг Монгол хүмүүст тайлбарлаад байгаадаа заримдаа харамсах сэтгэл төрдөг. Энэ байтугай тэрнээс цаадах юмыг таньчихсан, тэр юмнуудаар өөрийнхөө хамаг үйлийг залгуулаад, түшиг хийгээд явж байсан тийм хүмүүсийн удам өдийд аль алиа мэдэхгүй болчихоод ингээд байж байх нь өрөвдөлтэй байна л даа.

Бээр бээр гэдэг амьтан байна тэ. Хүүхдийг хөлд ороход бээр бээр гээд байдаг даа. Хэлбэр нь хоёр хөлтэй, дээшээ араатан гэмээр шинжтэй тийм амьтан үнэхээр байдаг. Тэрийг бидний өвөг дээдэс яаж хэрэглэж байсан гэхээр хатуу үйл хийх юм уу, тийм үйл дээр түшээгээ болгож түүний хүчээр тухайн үйлээ хийлгэдэг байсан. Тэр тусмаа хүннүчүүд түлхүү хэрэглэдэг байсан гэх юм уу даа.

Гэрийн онгод ямар хэрэгтэй байдаг гэхээр, энэ бол гэрийн сахиус юм. Жишээлбэл гэрийн эзэн байхгүй юмуу жоохон хийморь сүлд унасан үед, гэрт байнга элдэв юмс орж ирээд бужигнуулаад байдаг. Тийм үед гэрийн онгон гэрийн эзний үүргийг гүйцэтгэдэг. Гэрийн онгоныг бүр залж авч ирдэг хүмүүс манайд ч гадны оронд ч байдаг гэдгийг та бүхэн мэднэ шүү дээ.

Тэгвэл гаднаас элдэв юм эзэнтэй юм байна гээд орж ирэхээ больчихдог. Гэрийн эзэн, эзэгтэй нар тэрийг ухамсарлаад наад цаадахаа таньдаг болсон үед бол ямар ч шавилхан биетэй Монгол эр хүн гэрийн хоймортоо завилаад сууж байхад түүгээр юу ч шагайхгүй. Сүүлийн үед сүнснээс айлгадаг тийм кино их хийж байна л даа.

Гэтэл хүмүүсийн үндсэн мөн чанар нь сүнс байгаад байдаг. Сүнсний өгөгдлөөр махан бие хийгээд махан биеийн цаана байгаа 3 бие нь хүч чадал, эрчим энергиэ аваад амьдарч явах нөхцлийг бүрдүүлж байдаг. Энэ ертөнц өөрөө сүнс буюу шүтэн хамаарал гэдэг юмны хэмнэлд байна. Гэтэл кино болон бусад зүйлсүүдээр сүнс бол аймшигтай юм гэж таниулаад, өвөг дээдсийн мэддэг байсан, гэр орноо мануулдаг байсан тэдгээр зүйлсийг буг чөтгөр, өөр юу байдын нөгөө талд нь гаргаад тэгээд там, диваажин гээд хуваачихаар та нарын амьдрал гээд нэрлээд байгаа юм чинь өөрөө энэ мэт хуваагдчихаад байна л даа.

Өөрт нь таалагдвал диваажин, тааладахгүй бол там дотор хоёр  хэсэг болчихоод өөрсдийнхөө биеийг салгаж ойлгоод яваад байна. Тийм буг гэдэг юм байна. Нэг үгээр сахиус. Гол нь хүмүүс юунд зориулж, яаж хүндэлж, яаж ухамсарласнаас шалтгаалж тусалдаг сахиус уу, хорлодог уу гэж байна.

Хөдөө замд жалга саваар гүйдэл юмнууд байдаг. Заримдаа гай болно, заримдаа буян болно. Тэгэхдээ тэд өөрсдөө хэн нэгэнд буян хийе, хэн нэгэнд гай болъё гээд байгаа юм биш. Харин хүмүүс хэрхэн хүртэж мэдэрч байгаагаас л шалтгаалж байгаа.

Хүний махан биед байгаа хүн тэднээс илүү түвшинд гэрэлтэх ёстой байтал тэднээс дорой байдалтай байгаад, тэднийг шавуулаад зовлон болоод байгаа хүн өөр дээрээ эхлээд анхаарах ёстой. Би ямар болчихоод, буг элдэв юм шаваад гэрт хүртэл эзэн суучихаад байна гээд.

Тэнгэртэй, онгодтой, улаач нар гээд яваад байгаа хүмүүс ч гэсэн тийм л байдаг. Өөрийгөө танихгүй мэдэхгүй байгаа учраас өөр ухамсар тэднийг эрхшээгээд байна. Өөрийгөө таниад, ухамсарлаад гарсан үед бол тэдгээр ухамсруудыг харин оюун санаа ухамсрын дээд түвшинд хүргэж чадна.

Та нар бүгд тэнгэртэй гэвэл тэнгэртэй, сахиустай гэвэл сахиустай, онгодтой гэвэл онгодтой, бугтай гэвэл бугтай. Та нарын ард урдаас бөөн юм шаваастай. Ард чинь сүнс ирээд зогсох сонин юм биш. Миний өмнө ганц хүн ирээд суухад оршихуй тэр чигээрээ ирээд суудаг. Би тэндээс юуг нь ялгах вэ. Энд чинь ийм юм байна, тэнд чинь тийм юм байна гэх нь утгагүй биздээ.

Оршихуйд буг байтугай бүх юм байхад юуг онцлох гэж.

Хэрэв энд ямар нэгэн юмыг онцлоод хэлээд байгаа бол аль түвшинд байгаа гэсэн үг үү. Тэрийг л ялгаж хардаг, бусдыг нь хүртэн барьж чаддаггүй, мэдэрдэггүй л түвшинд байна гэсэн үг байх.

Өөрийгөө таньж мэдэхийг хүсэгч хэн бүхэнд зориулав.
Зүрхэндээ анирдахыг хичээгээрэй…

Эх сурвалж: Нийтийн Айлдвараас