Танхимаас: Хүн өөрөө өөрийнхөө оюун ухаантай бүрэн нэгдэнэ гэж байх уу?
Ай Даа Хутаг: Хувь хүнд зориулсан хувьчилж авах боломжтой оюун ухаан гэж байхгүй. Бие хүн олон хамаарал, тоймгүй олон үйл явцын дэмжлэгтэйгээр агшин бүрд орших боломж бүрддэг шиг тэдгээр мөн чанаруудын нэг илэрхийлэл нь Оюун Ухаан юм. Ийм мөн чанарыг зуун зуунд өөр өөрөөр илэрхийлж ирсэн.
Аль нэг зуунд оюун ухаан гэж нэрлэдэг байсан бол өөр нэг зуунд сүнс, дараа зуунд ухамсар, бас нэг зуунд нь шүтэлцэн орших шүтэн хамаарал, эх үүсвэр, бүтээгч, дээд үнэн гэх мэтчилэн. Энэ бол зуун зуунд нь чанадын завшааныг танин барьсан үлэмжийн чанарууд зөвхөн тэр зуун тухайн жаран эринд зориулж айлдсан ялгамж үгүй танин барихуй байдаг.
Гэтэл одоо бид олон зууны ижил баримжааг өөр өөрийнхөөрөө ойлгоод мэдрээд хоорондоо ялгамжаатай юм шиг номлол үүсгээд түүндээ төөрцгөөж байна. Та бүхэн эх үүсэл гэнэ үү, далд ухамсар гэнэ үү, бүтээгч эзэн гэнэ үү юу гэх нь тийм ч хамаатай биш. Юу ч гэсэн бай өдгөө бүгд номлол, мэдэмхийрэл, туйлшрал, мэдрэмж, тааламж төдийхөн.
Харин энэ олон юм шиг хүртэгдэх ор үгүй баримжааг хоёр үгүйд аргамжаатай Зүрх мэт чанарт үзэл баримтлалаас ангид тосож чадвал сэрэхүйн оч гялбах нь мөн ч тансаг.
Энэ гялбаанд юу гэж утгачилж илэрхийлэх нь үл өртөгдөнө. Уг нь мөнх бусын хамааралд илүүтэй автах хүн заяанд мөнх үргэлжлэх үнэнд сүлэх гэсэн зуун зууны оролдлого.
Харамсалтай нь өчигдрийн бүхэн өнөөдөр үлгэр домог түүх болдог жамаар бодит үнэнд үнэ цэнэгүй. Мөнх бусыг жаахан гадарласан нь мөнхөд шунах хандлагатай. Ийм төвөг нь мөнх, мөнх бус нь нэг мөн чанар буюу ойлголт мэдрэмж номлолд үл анзаарагдах шалгууртай.
Учир нь хүний заяа юуг ч бай өөрийн байгаа даа нийцүүлэх донтой байнам.
Та бүхэн оюун ухааныг дүүрэн чанарт хэзээ ч баримжаалж үзээгүй. Учир нь өдөр тутмын амьжиргаанд дулдуйдсан би гэх хамаарлын мэдрэмждээ миний оюун ухаан гэсэн цэс нэмснээс цаашгүй. Одоо бол та нарын оюун ухаан гээд дэгэн догон явж байгаа мэдрэмж ойлголт мэдлэг бол зөвхөн өөрсдийн би гэдэг баримжаагаар бий болгож бүтээсэн тийм л хийсвэр зураглал. Энэ нь зүг чиг баримжаа авах, алив зүйлсэд мэдрэмж ойлголт, төсөөлөл авах төдийхнөөр хязгаарлагдаж байна.
Учир нь хувь хүнд зориулсан үнэмлэхүй оюун ухаан байх боломжгүй.
Шүтэлцэн оршиж байгаа мөн чанар, түүний наана оршиж байгаа мэдээлэл, мэдлэг, мэдрэмжтэй холбоотой тийм дүүрэн чанар, дүүрэн сав үүнээс нь хувь хүн болгон завшааныхаа хэмжээгээр буян заяа, тавилангийнхаа хувьд яаж авч хэрэглэж байгаа гэдгээрээ л ялгаатай. Гэхдээ та бүхэн эдгээр өнгөц үзэгдлийг хэрэглэж үзсэн үү.
Өөрсдийнхөө бий болгосон оюун ухаан гэдэг баримжаандаа завгүй зууралдаад явж байхад яаж тэрийг хэрэглэх ухамсарт суралцахав дээ.
Та хэдийн асууж байгаа оюун ухаан гэдэг ойлголт мэдрэмжид нэг их олон юм хэлж чадахгүй байх. Угаас тийм зэрэглээг Тэмээ гэж хэлэх, Ямаа гэж хэлэх ялгаа юу байна. Зэрэглээ бол зэрэглээ шүү дээ. Ойлголт мэдрэмжээс давсан оюун ухаан хэмээх үнэмлэхүй чанарт ийм мөхөс үйлдлүүдийн аль нь ч бараадахгүй. Усыг нь уувал ёсыг нь дагах хэрэгтэй. Та нарын оюун ухаан, бодол, сэтгэл, мэдрэмж, би үзэл тэгдэггүй, дандаа яардаг аргагүй шүү дээ, өөрөө цаг хугацааны эрхэнд учраас яарахаас өөр яахав. Гэхдээ харамсалтай нь үүгээр танин барьдаг зүйл байхгүй. Хаана ч дүйхгүй мөхөстөнө.
Та нарын оюун ухаан ч тэр, бодол сэтгэл мэдрэмж ч тэр, би үзэл нь ч тэр өөрийнх нь орон зай боломж, завшааны хувьд хязгаартай. Хязгаартай баримжаагаар хязгааргүй чанарыг яаж онох вэ.
Танхимаас: Өөртөө оршино гэж юу вэ?
Ай Даа Хутаг: Одоо та өөртөө оршиж байна уу? Бодол мэдрэмж үзэл баримтлалын савслагат явна уу. Махан биедээ бодол мэдрэмжээс ангид нэг удаа оршиж үзэх завшаан байна уу? Нэг удаа оршиж үзэв үү? Би үзэл үгүйгээр, би бол ийм хүн гэдэг мэдрэмждээ биш, махан биедээ нэг удаа оршиж үзсэн үү? Ухаанаа гээгээд алдаад би гэдэг хамаарлын хувьд ингэсгээд нас нь дүүрч байгаа юм даа.
Та нар төрөл аваад ирэх болгондоо л би гэдэг хамаарал дотор ухамсарт заяагаа бардаг шүү дээ, энэ чинь цоо шинэ зүйл биш л дээ.
Ууж идэх, өмсөж зүүх, амьжиргаагаа залгуулах ийм үйл явц бол төрөл тутамд байсан л юм. Амьтны заяанд байхад ч байсан, хүн байхад ч байсан, анх удаа үйлдээд насаан бараад байгаа юм ерөөсөө биш. Та бүхнээс нэг учир асууя. Мэдлэг, мэдрэмж гэгээрэлд хөтөлж чадах уу?
Танхимаас: Бүгд чимээгүй. Хариу дуугарсангүй…
Ай Даа Хутаг: Төсөөллийн гэгээрлээс одоо болих хэрэгтэй байх. Хүн болгон өөрийнхөөрөө төсөөллийн гэгээрэл бий болгоод ингэчихвэл гэгээрнэ гээд зарим нь олон төрөл дамжаад үзэж тараад л байдаг. Улам л үзэл, мэдрэмж тааламжид живсээр. Угаасаа төгс гэгээн байсан гэдгээ л таних үйл явц болохоос биш, хэлбэр өгүүлэмж, үйлдэл, төсөөлөл, таамаг үүсгээд тэрийгээ гэгээрэл гэж нэрлэчхээд түүндээ итгэх нэртэй горьдлого тэгээд тээсэн мэдрэмж дотроо төөрөөд явдаг юмыг хэлэхгүй.
Угаасаа төгс гэгээн байсан гэдгээ л танина, тэртээ тэргүй төгс гэгээн байсан гэдгээ таньчихсан бодгаль би гэгээрчихлээ гээд орилох шаардлага байх уу, тийм шаардлага байх уу?
Олон нохой сүргээрээ явж байж. Тэр дунд нэгэн нохой би нохой, би нохой байна гэж хуцаж байгаа чимээг сонсоод ойлговол танд ямар санагдах вэ. Угаас нохой байж гэдэг ойлголт төрөх үү. Үүн шиг Та бүхэн тэгж харагдаад байна. Хүн байж хүнээ танина гээд, эхний төөрөгдөл ингэж эхэлдэг юм шүү дээ.
Заяагдмал чанараа танина гээд үйлдэх нь заяагаа төөрүүлэхийн зовлонд хөтөлнө биздээ.
Байгаа зүйлээ эрж хайх ямар хэрэгтэй юм. Эрэл нь эхний төөрөгдөл мөн үү. Харамсалтай нь гадна хүртэгдэх мэдрэмж төсөөлөл тааламж гэх мэтээр баримжаалах боломж үгүйд учир байна. Гэхдээ Боломж үгүй гэдэг нь бодит боломжийг ил гаргана.
Өчигдрөө дурсаж
Маргаашаа мөрөөдөн
Өнөөдөрт оршиж
Одоо доо амьсгалах хэцүү дээ. (Танхимаас хурхирах чимээ гарав…)
Ай Даа унтаж буй хүнийг нэрээр нь дуудав/ … оо
Ай Даа Хутаг: Зүүдлээд байна уу даа. Энэ хүмүүний нойрноос ийш нь жаахан өгөх сөн. (Өөр нэг хүн рүү заав. Хүмүүс инээлдэв) Айлдвар дээр байж унтаад зүүдлээд одоо бүр чарлаад ярих нь байна шүү дээ. Уг нь үзэл баримтлалдаа зөрчилдөөд уурлаж байхаар унтаж байсан нь өлзийтэй байх. Гэхдээ энд зорьж ирчхээд хайран юм гэж хүний өмнөөс халаглах жаахан тиймхэн юм уу даа…
Ямар нэг юманд зорьсон бол тэнд аль болохоор зуун хувь байх гэж хичээх хэрэгтэй. Хайран цаг хугацаа шүү дээ.
Та бүхэн алив зүйлд өөрийгөө зориулна тэгээд түүндээ үйлдэл хийнэ гэдэг бол хөдөлгөөн хийж байгаа ямар нэг элэгдэлд орж байгаа шүү дээ тэнд насаан барж байгаа. Ямар хугацаа нь хамаатай биш ээ. Ийм хүн заяанд ирчихсэн ховор завшаанаа тэнд барж байгаа. Уг нь мөнх бус завшаанаа хаана юунд зориулахаа мэддэг байвал.
Юу үйлдэхээс үл хамаарч үргэлж урсаж байдаг цаг хугацааг юунд зориулахаа мэддэг ухаан эрдэмд суралцаад энэ төрлөө дүүргэвэл аштай сан.
Олдоход ховор буян заяаг барж байж ийм хайхрамжгүй, ийм тэнэг байдалтай үрэн таран хийж байгааг харахаар…Хамгийн төвөгтэй нь та нар энэ заяандаа ямар байснаа дараа төрөлдөө хэзээ ч мэдэхгүй байгаа учир агшин бүрийг юман чинээ тоохгүй байна. Дахиад бүгдийг шинээр эхэлдэг учраас тийм төвөгтэй байгаа юм.
Тэгдэггүй байсан бол яах вэ дээ энэ насандаа унтаад, заримдаа нэг юм сонсоод, нэг юм мэдрээд ингэс тэгэсгээд явахад дараа насандаа дахиад тэндээсээ эхэлчих юм чинь яадаг юм гээд болох л байж. Харамсалтай нь тэгдэггүй. Тэгж байгаа юм уу та нар одоо байгаагаа хар л даа. Та нар өчигдрийгөө дурсамжаар л мэддэг. Урьдын заяанд дурсамж байхгүй учраас та нарт бүх юм харанхуй байгаа биз. Ганцхан дурсамж гэдэг барьцан дээр л өчигдрөө онож тогтдог. Уг нь бол чанарын хувьд адилхан шүү дээ.
Өнгөрсөн төрөл өчигдөр хоёр яг адилхан.
Та нарт юугаараа ялгаатай байна гэхээр дурсамж байгаа, байхгүй гэдгээр. Дурсамж ямар хэрэгтэй юм та хэдийг өнөөдрийг нь одоо завшааныг нь үрээд л сууж байгаа биздээ өчигдрийн дурсамжаар өнөөдрөө үрээд энэ агшнаа үрээд энэ цаг хугацаагаа бараад… Баримжаа авахад л хэрэгтэй болохоос биш баримжаандаа өөрсдөө хэрэглүүлчихээр өөрсдөө баримжаа болчих юм, төөрчихсөн хүмүүс шүү.
Бүх юм нь тодорхой ертөнцөд байгаа шүү дээ. Тэр тусмаа та нараас хүч гарахгүйгээр агшин тутамд амь өөрөө оршиж байна. Бүх юм нь заяагдмал байтугай агшин тутамд хязгааргүйгээр цутгаж байна. Тийм гоё амар амгалан, ийм гоё завшаанд сүлэлдэж байж би гэх мэдрэмжээр зовоод амар амгалан биш байгаагаа харахаар өөрсдийн байж байгаа царай нь л тэр шүү дээ.
Хаана мод “Би” хэмээн зовж байна, хаана “агаар” зовоод байна, хаана “амьтан” зовоод байна, хаана “уул” зовоод байна, ухаад тонгочоод байхаар уул усны эзэн наадах цаадах нь хэцүүддэг ч би- гийн зовлон тэнд ноёлох уу? Энэ орчлон өөрөө төгс амар амгалан шүү дээ.
Төгс бясалгалын төлөвт хязгааргүй амар амгаланд “хувь зовлон”-г үл анзаарна. Та нар хүн заяанд ирсэн мөртөө байгалийн бусад төрөл зүйлүүдээс ухамсар ухаарлын дээд төрөлд ирчхээд одоо байж байгаа царайгаа хардаа. Ямар байна?
Хувь хүнийхээ би үзэл хувь хүнийхээ зовлон дотор насаа барцгааж байна. Шүтэлцэн орших мөн чанар ийм гансралыг нэг удаа ч хүртэж үзээгүй.
Өөрийгөө танина гэдэг бол зовлонг танина гэсэн утга
Зовлонг танина гэдэг бол
Би үзлийн миниймхийлсэн биечилсэн зовлон дотор
Насаан барна гэсэн утга биш.
Амь аргацаасан хорвоогийн хувьчилсан зовлонд биш
Амьдрал хэмээх сүлэлдэж орших, бүтээх, устан үгүй болох үл тасрах тойрогт
Зовлонгийн далайд хөл тавихыг хэлж байгаа юм
Орчлонгийн зовлонг танин байж түүнээс чанадад…
Зүрхэндээ анирдах ерөөлтэйг үг утгаар уншуулж байгаадаа хүлцэл өчье. Учир юу гэвээс Ай Даа Хутагийн Айлдвар, Сургаал, Сударыг бичгийн хэлэнд дуун хөрвүүлэг үйлдээгүй болно.
Өөрийгөө таньж мэдэхийг хүсэгч хэн бүхэнд зориулав.
Зүрхэндээ анирдахыг хичээгээрэй…
Эх сурвалж: Нийтийн Айлдвар