Ай Даа Хутаг: Өөрийгөө таних үйл явц тархин дотор хэзээ ч багтахгүй. Мөн тархин дотор хэзээ ч баримжаалагдахгүй.

by admin

Танхимаас: Бид өөрсдийн биеэ хатуу эд эрхтэнтэй бодит гэж харж байгаа.Гэтэл өөр түвшинд гаргаад тавьчихаар бие рүүгээ орчихоор ойлгомжгүй болчхоод байх юм.

Айдаа Хутаг: Биеэ мэдэхгүй болохоор бусдыг яаж мэдэх вэ. Өөрт хүртэгдэж мэдрэгдэхгүй байгаа зүйлсийг яаж мэдэх вэ. Физикийн шинжлэх ухаанд квант байна уу, супер нэгдлийн онол байна уу, юу байна, тэр бол махан биеийг тань эрчмийн түвшинд баримжаалаад тэгээд хоёр дахь биеийг хүртэхийн алдад тэр хоёрын дундах битүүмжилсэн орчост шургаад түүндээ ханаад дүүрчихсэн. Энэ нь юу гэж байна гэхээр сүнсийг танин барьчихсан, цэвэр ухамсар гэдэг чанарыг танин барьчихлаа гээд төөрөөд байгаа юм.

Сэрүүн Зүүд подкаст
Сурталчилгаа

Зөвхөн махан бие матери, ингэж харагдаж байгаа биеэ л эсийн түвшинд нь цаашаа задрахад хамгийн эцсийн цэгт нь юу байна гэдгийг л таньж мэдсэн байгаа.Түүнээс цаашаа явж чадаагүй. Өөрөөр хэлбэл бөөмс, бөөмсөөс цааш энерги болчихлоо, бөөмсийн энерги, энергийн бөөмс тэгээд энд ямар нэгэн байдлаар ухамсарлах юм байхгүйгээр битүүмжилсэн орчинд байгаа мэт, хэлбэлзэл ч байхгүй тийм өнгөц ор үгүйд байна гэж ухамсарлаж болно. Энэ бол шинжлэх ухааны түвшинд физикийн судалгаа явсаар байгаад махан бие болон материйг дөнгөж таньж байгаа мэдлэг.

Шинжлэх ухаанд та нар итгэх нь илүү, би энд юм хэлэхээс шинжлэх ухаанд илүү итгэнэ. Маргааш тэр итгэл тань тийм юм биш байсан байна лээ. Буруу байсан байна гэхэд, өө тиймүү шинжлэх ухаан хэлж байгаа юм чинь гэнэ.Та нарын шүтдэг хамгийн том шашин, шинжлэх ухааныг барьж ярья. Шашин гэдэг үг нь юу вэ. Юу гэсэн үг вэ. Энэ бол сургаал л гэсэн үг. Зүгээр л сургаал.

“Хүн ахтай Дээл захтай” гэдгийг л мөн чанарын хувьд илэрхийлж байгаа юм. Хүмүүсийн тархинд хийсвэр төсөөллөөр өөрөөр ойлгогдоод байгаа юм. Шашин гээд хэлэхээр үзэл баримтлалтайгаа холж ойлгоод, ойлголт гэдэг төөрөгдөлдөө адилхан төсөөлөл үүсгэчихээр өөрөөр хүртэгдээд. Эсвэл итгэсэн дүр үзүүлж мухраар учиргүй бишрээд, эсвэл үгүйсгэж муулаад байна.

Аль нь ч хэлбэрийг нь үл тоовол адилхан хуурмаг үзэгдэл. Энгийнээр хэлбэл энэ бол ер нь сургаал шүтэж байна л гэсэн үг. Хэрвээ энэ утгыг дургүйцэж хүлээж авч байгаа бол таны хэн нэгэн болох гэж яваа савны мэдэх хэрэг. Мөн дуртай хүлээж авч байгаа бол адилхан. Шашин буюу эдгээр сургаал нь Мухамадийнх байна уу, Христийнх байна уу, Ситхардагийнх байна уу,  хэн айлдаж хэн түүчээлж энэ зуунд авчирсан түүгээрээ л ялгаатай байх. Бидний өвөг дээдсээс өвлөгдөөд амнаас ам дамжаад биет бусаар ирсэн өв байна уу. Эдгээрээс өөр сүртэй ялгамж байхгүй ээ.

Танхимаас: Шашны сургаал номыг эсрэг талаас нь ч хүмүүс ярьдаг шүү дээ. Мунхруулагч хар тамхи ч гэдэг юм уу. Шашин өөрөө хүмүүсийн дагаж мөрдөх хэв загварыг тодорхойлоод, түүнийг нь хүмүүс шүтээд байгаа юм бишүү.

Айдаа Хутаг: Яагаад мунхрал гэж байгааг эхлээд баримжаалах хэрэгтэй.

Та нар мухраар шүтээд байгаа учраас мунхрал гээд байгаа юм.

Шашны цаана юу байна гэдгийг танин барихгүйгээр, түүнд ач холбогдол өгөлгүйгээр өөрийнхөө тулга тойрсон амьдралдаа өнөө маргаашийг аргацаах гэж, зовлон тохиолдоход сэтгэлээ тайтгаруулах гэж ном уншуулж, мөнгөгүй болохоороо даллага авхуулах гэх зэргээр ашиглаад байгааг мунхрал гээд байгаа юм.

Шашны цаад мөн чанар Чанадын Чанад руу хөтөлдөг.

Энэхүү халигаан нь Хутагтуудаас ямар нэг, хэн нэгний оюун ухаан бодол шингэлгүйгээр өдий хүртэл хүн төрөлхтөнд түүчээлээд бидний өвөг дээдэс энэ зуун хүртэл галыг нь таслалгүй аваад ирсэн. Энд учир нь байгаа юм. Түүнээс наад талын засал ном гүрэмдээ энэ хүртэл түүчээлсэн учир байгаа юм биш.

Одоо бол хувраг нар нь ч, шүтэж байгаа сүсэгтнүүд нь ч, тэр бүгд түүн лугаа хошуураад орчихсон. Энэ нь  өрнөдөөс бий болгосон загвар. Өрнө дахин өөрсдийнхөө шашны  сургаалыг номлол байдлаар зуун зуунд өөрчилж нэг сэтгэлгээ үзэл баримтлал солигдохоор л засвар хийж байдаг.

Есүс Христийн сургаалыг бол үнэхээр зэрэмдэглэж байгаа.

Өөр өөрийн юу гэж ойлгосноор тайлбарлаж иржээ. Түүнийгээ номлогч гэдэг. Тэр нь үнэгүйдлийн төөрөгдлийн давлагааг түүчээлээд байгаа юм. Аливаа шашинд төөрөгдлийн учиг байгаа бус түүнийг өөрийнхөөрөө ойлгож түүнийгээ бусдад дамжуулагч нарт мунхралын үндэс нь байна.

Танхимаас: Буддын шашныг хамгийн шинжлэх ухаанч гэж яриад байгаа, тиймээ.

Айдаа Хутаг: Будда Хутаг Чанараас уламжилж Ананд болон олон архадаар дамжиж ирсэн Чанадын Чанад дахь үг үгүй судрууд бол шинжлэх ухаанаас хэтийдсэн халигаан. Шинжлэх ухаан босгыг нь ч алхаж орж ирж чадаагүй байгаа. Яагаад гэвэл шинжлэх ухаан өөрөө тархин дотор, оюун ухаан дотор үйлдэгддэг.

Өөрийгөө таних үйл явц, амьдралын мөн чанар бол тархин дотор хэзээ ч багтахгүй.  Мөн тархин дотор хэзээ ч баримжаалагдахгүй.

Та нарын ухамсар, мэдрэмж,  сүнслэг биеүдийг л өдөөдөг. Шинжлэх ухаан нүдэн дээр туршилт судалгаа хийгээд түүндээ түшиглэж баталгааждаг. Та нарын дотор явагдаж байгаа хувирлыг хэн ч хэзээ ч танин барих боломж байхгүй. Бас шинжлэх ухаан ч нотлох боломж байхгүй.

Танхимаас: Сая Далай ламын айлчлалаар эрдэмтэдтэй уулзсан. Шашныг шинжлэх ухааны үүднээс тайлбарлах гэж их оролдож байсан. Далай багш эрдэмтдийн хооронд Буддын шашны үүднээс шинжлэх ухаанд маш ойрхон онол гэж тайлбарлахыг оролдоод байна гэж би харсан л даа.

Айдаа Хутаг: Шашин гэдгийг юу гэж ойлгоод байгаагаас л төөрөгдөл яваад байна. Жишээ нь “хүн ахтай дээл захтай” гэдгийг хүн бүр өөрийнхөөрөө л ойлгоно шүү дээ. Түүнийг хэн нэгэнд, хэн нэгний загварчилснаар тайлбар хийх ямар шаардлагатай юм. Жишээлбэл эрдэмтэд гэх хүмүүс.

Танхимаас: Далай багш өөрөө үүнийг нь  дэмжээд л яваад байсан биздээ.

Айдаа Хутаг: Далай багш тань бас тэрэн дотроо л байдаг хүн. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс яах вэ. Далай лам төрөл авч ирдэг хүн. Төрлөөс төрөл дамжиж явдаг ухамсар. Анхны дүр нь өөрөө тийм тангараг өргөсөн учраас сүнсний задралаараа дахин төрөл авч ирдэг. Энэ бол үйлийн үрийн систем дотроо явж байдаг ухамсар гэсэн утга. Та нараас оюун ухаан болон сэтгэхүйн хувьд арай өөр байгаа.

Яагаад гэвэл насаараа шашин болон сургаалаар явсан хүн өөр байна биздээ. Гэхдээ дотогшоо сүнс болон хоосон чанар тэрнээс цааш нааш үгүйд танин барьсан нь ямар вэ гэдэг л байна.Түүнээс цааш танин мэдсэн Арилсан Чанарт хэзээ ч төрөл үхэл гэж үгүй. Үйлийн үрийн систем дотор эргэлдэх үгүй нь өөрийн тааллаараа соёрхох сонголт болчихно.

Танхимаас: Тэгэхээр зарим хүмүүс олон удаа төрөл авдаг гэсэн тэр хүмүүс яагаад эргэж ирээд байна.Төрлийн тухай ямар ойлголт байдаг вэ?

Айдаа Хутаг: Ойлголт гэвэл ямар нэгэн ойлголт хэмээх таамаг, төсөөлөл, хувь хүний мэдэмхийрэл, мунхрал алга байна.

Танхимаас:Танаас юу гэж асуухаа мэдэхгүй л байна, өршөөгөөрэй.

Айдаа Хутаг: Заа, төрлийн талаар цэгцтэй баримжаатай болцгооё. Тэгвэл төрлийн тухай асуултгүй болчих байх. Эхлээд Хутаг Чанарын тухай ярья.

Будда Чанараас  хойших бүх Хутаг Чанаруудад дараа төрөл гэж байх үгүй.

Бүх Хутаг гэж тийм олон байхгүй л дээ, гарын арван хуруунд л чүү чай хүрэх байх. Хутаг Чанарын анхны дүрүүдэд дараа төрөл гэж байхгүй. Тэгвэл яагаад тийм Хутаг Чанарын хойд дүр гээд байгаад байна гэхээр:

1. Шашин өөрийнхөө хэллэг болгоод явчихсан энэ утгыг нийгэмд хойч үедээ хүн төрөлхтөнд, мөн шашин өөрийн хэлбэр агуулгыг байлгахын тулд хэн нэгнийг Хутаг Чанараар залаад, хүмүүст “бэлэгдэл” дүрийн тоглолт байдлаар байлгах сонирхол байгаа учраас. Дараачийн зуунд энэ утга чанарыг түүчээлэх үлдээх зорилготой

2. Хэн нэгэн хүнийг гол дүр болгосноор таны дотоодод байгаа Хутаг Чанар энэ хүнийхтэй адил байгаа шүү гэдгийг түүчээлж дагуулж чиглүүлэх зорилготой.

3. Хутаг Чанарын хойд дүр байна гэж үзвэл энэ орчлон ертөнц дээр оршин байгаа болон эс оршин байгаа бүхэн Хутаг Чанарын хойд дүр. Тэгвэл тэрнээс нэгийг нь л Хутаг Чанарын хойд дүр гээд бэлгэдэл байдлаар оршоож байгаа юм гэх мэтчилэн олон янзаар тайлбарлаж болох байх. Гэхдээ Хутаг  Чанарын талаар тайлбарласан бүхэн үнэн бас худал юм. Аль нэг сонголтод хамаарах үгүй.

Учир нь байх үгүйгээс ангид, байх үгүйгүйн байх үгүй чанарт хойд дүр байна гэж үзэх нь мунхрал билээ.

Өөрөөр хэлбэл сүнс болон түүнээс цаадах чанараас хамааралгүй болчихсон бүхнээс, бүхэл үгүйгээс арилсан ийм чанарт хойд дүр гэж байх учир үгүй. Танхимаас: Таалал төгссөн хүн дээр тэмдэг тавихаар тэр нь зарим хүүхдүүд дээр гараад ирдэг шүү дээ. Тэгэхээр энэ ямар учиртай вэ?

Айдаа Хутаг: Та нар их яаруу байна шүү. Уг нь таны тархи энэ талаар сонирхож байгаа учраас тархинд ойлгомжтойгоор цэгцтэй өгүүлэх гэж би хичээж байна.Үйлийн үрийн систем дотор таалал төгссөн хүнд тавьсан тэмдэг эргэн төрөх ч юм уу, энэ нь тийм ойлгогдохооргүй зүйл биш.

Яагаад гэвэл таалал төгссөн хүн дээр тэмдэг тавиад 49 хоног буюу түүнээс хойш ямар хугацаанд махан бие атом, молекул болж задраад үйлийн үрийн системээрээ дараагийн төрөл бүрэлдэхэд аль атом молекул тэр хүний хамааралд дахин байх ёстойг мэдэмсэр зохицуулж, нэгтгээд тэр тэмдгийг авч төрдөг.

Өөрөөр хэлбэл та нар бүгд эсээс бүтсэн. Нэг эс хэдэн сая атомоос бүтдэг.Тэр атом хэдэн сая жилийн өмнө ямар нэгэн амьдралыг бүтээж, арьс болон бие дээр байсан атом молекул хүртэл та нарын арьс, цус, яс бүтээхэд оролцоод байж л байгаа.

Бидний өвөг дээдэс Өгөөдэй, Тулуй, Жамухын эд эрхтнийг бүтээж байсан атом молекул ч гэсэн та нарыг бүтээгээд байж л байгаа. Хэн нэгний хойд дүр гэвэл та нар бүгд мөн. Махан биеийн хувьд гэж авч үзвэл сүнс болон 2, 3, 4 дэх бие, оюун санааны түвшинд авч үзвэл энэ өөр ойлголт болно.

Оюун санааны түвшинд Хутаг Чанарын хойд дүр, Далай ламын хойд дүр гээд яваад байгаа юм. Жишээлбэл, Хутаг Чанарын хувьд бүхнээс ангид болчихоор, хойд дүр гэвэл та нарын амьсгалж байгаа агаараас аваад энэ ертөнц дээр байгаа бүхэн Хутаг Чанарын хойд дүр. Тэр Хутаг Чанарт хойд дүр байх, байх үгүйгээс ангид. Тэнд бурханлаг чанар ч хэрэг үгүй .Бурхан, чөтгөр аль аль нь ч хэрэг үгүй. Тэгэхээр Хутаг Чанарын хувьд хойд дүр гэдэг ойлголт өөрөө инээдтэй.

Танхимаас: Гэхдээ энгийн бидэнд хойд төрөл гэж байгаа биздээ. 

Айдаа Хутаг: Хойд төрөл гэх учиг тийм ч гүнзгий учир биш. Бид энэ үйл явцад оролцож байдаг. Ухамсартай юу, ухамсаргүйгээр үү гэдэг нь л болохоос биш. Үлгэрлэвэл: Бидний хором бүр амьсгалдаг.  Хүчилтөрөгч бидний амьсгалах эрхтнээр ороод эргээд гарахдаа нүүрстөрөгч болсон байдаг, ус хүйтэн хэмд мөс болно, халуун хэмд уур болно, шороо ургамал болно гэх мэтчилэн хойд дүр байгаль дээр энгийн үзэгдэл мэт оршино. Цаг хугацааны хувьд ялгамж байгаа нь далд, танин барихад төвөгтэй, учир битүүлэг юм шиг та нарт хүртэгдээд байх шиг байна.

Танхимаас: Өмнөх сэдвийг үргэлжлүүлж болох уу. Дундуур нь өөр зүйл асуугаад тасалчихлаа.

Айдаа Хутаг: Юу хэмээн байлаа.

Танхимаас: Хутаг Чанарын хойд дүрийн талаар байсан.

Айдаа Хутаг: Яагаад Хутаг Чанаруудын хойд дүр яваад байгаа юм бэ гэвэл, Хутаг чанарууд хувилгаан түвшинг дамждаг. Миний хувьд энэ махан биеийг оршоохын өмнөх 10 гаруй төрөлдөө Хувилгаан Чанарт мэндэлж байсан. Эдгээр төрлүүдээс дөрвөн дүрдээ Хутаг Чанарын сэнтий дээр шашны оролцоотойгоор залагдаж байсан.

Хутаг Чанарт арилаагүй, таниагүй байхад Хутаг гээд шашин тодруулчихсан юм. Гэхдээ шидийн цаадах шид үзүүлдэг хувилгаанууд байсан.Хутаг Чанарын түвшинд сэрсэн таньсан юм байхгүй, Хувилгаан чанарт л байсан. Бодлын энерги болон бүх хэлбэлзэл хэмнэл ухамсрыг өөрийнхөөрөө захирдаг. Бороонд норохгүй байх, хол газрыг хэдхэн минутад товчлох, өөрийгөө хувилах гэх мэт. Учир шалтгааныг эрхшээдэг байсан.

Эл Чанар одоогоос 7-8 жилийн өмнө тийм хувилгаан түвшинг дамжсан, үзсэн, амталж байсан. Тухайн үедээ гавьяа байсан юм шиг хэрнээ олон хүнд гай болсон. Түүнийхээ үйлийн үрийг ч нэлээд эдэлсэн. Олон хүмүүсийг хувилгаан чанартай холбоотой МУНХРАЛД төөрүүлсэн. Миний урд та нар шиг суучхаад, таны хэлж ярьж байгаа нь бодит гэж юу байсан юм, таны чаддаг юм гэж юу байсан юм гээд басамжлаад байгаа хүнийг урдаа хэвтүүлж байгаад, нарийн биесүүдийг нь татаж гаргаж ирээд махан биеэс гарсан төлөвт өөр хэмнэлийн амьдралыг мэдрүүлж байсан.

Тэгээд эргүүлээд биед нь оруулаад, заа махан биедээ байгаа хүртэж, сэтгэж байгаа амьдрал, махан биеэс гарсан амьдрал хоёр ямар байна. Хэр дүйж байна гэж амыг нь асуудаг байлаа. Агаар дээр алхаж үзүүлсэн, эдгэрэх боломжгүй өвчнөөс салгасан, хот мандал завсрын хэмжээснүүдэд зарим хүмүүсийг дагуулж үзүүлсэн гээд их сагсуурдаг дөвчин байлаа.

Эдгээр хүмүүс 7 хоног, 14 хоног энэ амьдрал үнэхээр бидний ойлгодгоос өөр юм байна гэж ухаарсан царайлж явдаг. Харин 14 хоногоос хойш өөрөө танин мэдсэн юм шиг хийрхээд мэдэмхийрээд би, би гээд хүмүүст гайхуулах хандлагаар мунхгийн харанхуйд живж байгааг харах үнэхээр хэцүү шүү.

Энэ Чанар тэдгээр хүмүүсийг өөрөө махан биеэрээ таних ёстой тэр үйл явцаас нь төөрүүлсэн. Түүгээрээ Энэ Чанар энэ үйлдсэн үйлийн үрээ эдэлсэн. Тэд бас эдэлж яваа.

Дахиж хэн нэгнийг хувилгаан дөвчингүүдээс болж харанхуйд битгий төөрөлдөөсэй гэж чин зүрхнээсээ хүснэм.

Үргэлжлэл бий…

Зүрхэндээ анирдах ерөөлтэйг үг утгаар уншуулж байгаадаа хүлцэл өчье. Учир юу гэвээс Ай Даа Хутагийн Айлдвар, Сургаал, Сударыг бичгийн хэлэнд дуун хөрвүүлэг үйлдээгүй болно.

Өөрийгөө таньж мэдэхийг хүсэгч хэн бүхэнд зориулав.
Зүрхэндээ анирдахыг хичээгээрэй…

Эх сурвалж:  Нийтийн Айлдвараас…2017.01.07