Та бүх юмнаас нь шүтэн хамаарлаар шууд холбоотой оршихуйн хүн. Таны махан биений бүтэц болон бусад бүх зүйл чинь ганцхан энэ дэлхийн газар шорооноос бүтсэн юм биш. Энэ оршихуй, галактик, олон одод эрхэсийн атом, молекул тэдний эрчим, энергиэр бүтсэн махан бие

by admin

Танхимаас: Эх үрийн холбоо, ихэр хүүхдийн холбоо, төрсөн газар нутагтайгаа хүйн холбоотой, буйран дээрээ очиж хөрвөөнө гэж байдаг. Энэ талаар тайлбарлаж өгнө үү.
Айдаа Хутаг: юу бодож очиж байгаа нь чухал л даа. Өвөг дээдэс арай өөрөөр ухамсарладаг байсан байна. Бүх юм шүтэн хамаарлаараа би энэ нутгийн агаар, ус, энэ чулууны атом, молекул, сансар, огторгуйн эрчис, эрчим тэр бүхний цуглуулгаар бүтсэн гэдгээ арай өөр хэлбэрээр ухамсарладаг байсан байна.

Одооны хүмүүс бол яахав. Нас ахиад ирэхээрээ юм уу, ажил үйлс нь тавгүйтээд ирэхээрээ, ямар нэгэн гарц харагдахгүй болохоороо эсвэл цаанаа ингэчихвэл ингэх болов уу гэсэн ашиг сонирхолоор юм уу, тиймэрхүү байдлаар арай илүү нутаг усандаа очих нь байдаг. Цаанаа арай өөрөөр ухамсарлачихвал төрсөн нутгийнхаа агаараар амьсгалахад л хангалттай.

Төрсөн нутаг тань энэ ертөнцийн бүхий л зүйлстэй шүтэн хамааралтай байдаг гэдэг утгаараа та хятадад байна уу, энэтхэгт байна уу, австралид байна уу, хаана байх нь хамаагүйгээр тэндхийн агаараар амьсгалаад тэнд хөрвөөчихөд хангалттай. Харамсалтай нь тэгж ухамсарлаж чадахгүй заавал ч үгүй төрсөн газар нутагтаа л очих ёстой гээд байгаа юм.

Хөрвөөнө гэдэг нь өөр ойлголт юм л даа. Орчин цагийн хүмүүс 100 жилийн өмнө байсан, 500 жилийн өмнө байсан, тэр юмыг заавал ч үгүй түүгээр нь бүтээж түүгээр нь түүчээлж явах гээд зүтгэх ямар хэрэг байна. Тэр хүмүүс эмнэлэгт төрөөгүй, сайхан газар дээр унаад тэр буйр, бууц нь байж байгаагийн хувьд бол очоод хөрвөөдөг л юм байгаа биз.

Хэрэв тийм биш бол хөрвөөнө барина гээд байх шаардлагагүй. Тэгэхээр орчин цагт ямар байх ёстой вэ гэхээр өвгөдөөсөө дутуугүй байх, бүр ухамсрын хувьд илүү байх учиртай юм л даа.

Эхэлж ургасан чихнээс сүүлд ургасан эвэр урт гээд зүйр үгээр хэлээд үлдээсэн байна. Бид нар энэ цагийн хүмүүс ээ. Та нар бол биднээс хойшоо цагийн хүмүүс. Та нар биднээс илүү ухамсрын хувьд, юмыг хүлээж авах нь илүү их өргөн хүрээнд, илүү эрх чөлөөтэй байх ётой шүү гэдгийг энэ эвэр чих гэдэг зүйрлэлээр хэлээд өгсөн байна.

Танхимаас: Гадаадад байгаа хүмүүс яана гэсэн үг үү.
Айдаа Хутаг: Одоо бол та нар энд байгаа учраас би танд л ярина. Гадаадад байгаа хүмүүс бол энд байхгүй учраас тэд нарын сэтгэлгээ, ухамсар, амиа авч яваа нь хүртэл тэр хүрээнд л байгаа. Та нар энд хөтлөгдөөд ирсэн учир би яг танд юу нь тохирох вэ, энэнээс давуулаад цаадахыг таньж мэдэх боломж нь ямар байна гэдгийг л эрэлхийлэх нь дээр байх.

Тэгэхгүй бол хоёулаа энд байхгүй хүмүүсийн тухай ярихаар төвөгтэй болов уу. Энд байхгүй хүмүүсийн тухай таньд ярихаар та цаашаа цэцэрхээд эгогоо ихэсгэх юм болчих байх.

Танхимаас: Би өөр дээрээ л ярьж байна л даа. Өөр газар, оронд байхдаа яах ёстой вэ.
Айдаа Хутаг: Тэгвэл энд тохируулъя. Энд та байхдаа ямар нэгэн байдлаар надтай холбоотой байгаа тохиолдолд өнөөдөр таны тавьсан асуулт сарын дараа магадгүй 7 хоногийн дараа өөр болсон байна. Асуусан асуултаа өөрөө ойлгосон байна. Энэ нь асуултынхаа цаад талыг олоод харсан гэсэн үг. Тэр үед танд хариулт хэрэггүй болчихно.

Одоо бол таны оюун ухаан барьцаалагдсан, баригдсан байгаа энэ хүрээ дотроо хэмнэлээ тааруулах гээд үзээд байна. Би таны хэмнэлд баригдаж, хариулт өгмөөргүй байна. Аль болохоор дотор чинь хэзээ нэгэн цагт бүрэн гүйцэд эрх чөлөөтэй болох, ангид болох тэр ухааралд тань хэлмээр байна.

Тэрийг хэлэнгүүт та надаас юу шаардаад байна гэхээр өөрийнхөө хайрцагласан баглаасан дотроо хайрцагласан хариулт авахыг хүсээд байна. Яг тэг, яг ингэ, сайн, муу гэдгийн аль нэг тал дээр намайг болон өөрийгөө хүчилж заавал гаргах гээд байна. Та хоёр дахь удаагаа ирж байна тэ, гурав дахиа ирэхээр арай өөр болно.

Таны махан биений бүтэц болон бусад бүх зүйл тань ганцхан энэ дэлхийн газар шорооноос бүтсэн юм биш. Энэ оршихуй, галактик, олон одод эрхэсийн атом, молекул тэдний эрчим, энергиэр бүтсэн махан бие.

Та өөртөө ямар нэгэн байдлаар онцлох гээд байгаа бол би бол оршихуйн хүн гэж болно. Би ганцхан Монгол тэр газар, тэр төрөхөд төрсөн гэж тийм жижгээр биш. Хэрвээ тэгж ухамсарлаж, сэтгэж чадахгүй бол ядаж дэлхийн түвшинд сэтгэ л дээ. Америкт байна уу, хаана байна энэ ертөнц ганц учир миний л гэр. Би бүх юмнаас нь шүтэн хамаарлаар шууд холбоотой гэж.

Өөрийгөө таньж мэдэхийг хүсэгч хэн бүхэнд зориулав.
Зүрхэндээ анирдахыг хичээгээрэй…

Эх сурвалж: Нийтийн Айлдвараас