Айдаа Хутаг: Хүн бүрийн чанадын мэлмий нээлттэй байдаг. Гол нь БИ гэх үзэл болон сайн, муугийн сонголтод халхлагдаад харалган болчихсон байдаг. Энэ мэт зэрэглээнд мэлмий нь хаагдчихдаг гэсэн үг юм. Халхлагдчихсан байгаа гэдгийг нь таньчихвал болох нь тэр. Цонхны хөшиг хаалттай байгааг мэдэхгүй гадаа харанхуй байна гээд байгаатай адилхан гэх үү дээ.
Мэлмийн хувьд түвшин түвшингөөрөө өөр өөрөөр тольддог. Завсрын ертөнцийн юмсыг харж байгаагаас авхуулаад өөр өөр түвшинд хүртдэг. Хот мандал, бурханчилсан тэнгэрүүдийн түвшинд харж байгаа нь өөр түвшин. Мэлмийг бас практикаар дадлагажуулах хэрэгтэй. Та бүхэнд нэгэн зүйлийг жишээ болгож хуучилъя. Жишээ нь хурмаст тэнгэр гэж задгай сансарт сахал үс нь халиурсан маш том өвгөн хэвтэж байдаг. Иймэрхүү зүйл ярьсны төлөө та нар намайг галзуугийн эмнэлэг рүү илгээчхэв дээ. /инээлдэв/
Тухайн үед үнэхээр бодитой байдаг. Гэхдээ ухамсар хэтийдэх бүр байх, байх үгүйгээс ангижрахад зэрэглээн дундах зэрэглээ байсныг танина.
Ямар ч гайхамшигтай бодитойгоос бодитой зүйлс зэрэглээ болон үлддэг.
Та нар хэзээ нэгэн цагт үүнийг хүртэн харж магадгүй. Та нарын одоогийн оюун ухаан, өөрийгөө мэдэрч байгаа энэ бодол мэдрэмж, сэтгэл, оюун ухаан үнэхээр ядмаг, өчүүхэн бүр ч юу ч биш. Хязгаартай ийм түвшинд үнэмлэхүй биш ч оюун ухааны хүртэн барих хэмнэлээс хэтийдсэн зүйлсийг танин мэднэ гэж хэзээ ч байхгүй.
Харин оюун ухаанаас давсан чанарт ангид болж байж, өөрөөр хэлбэл ангид гэдгээ танин мэдэж байж үнэмлэхүйд тэр шидийн цаадах шид, гайхамшгийн цаадах гайхамшгийг хүртэн барих боломж тань нээгдэнэ.
Оюун ухаан бол үнэхээр өчүүхэн юм. Одоо дээд оюун ухаан гэж яриад ханачхаж байгаа юм шиг байна. Эсвэл оюунлаг хүн гээд. Дээд доод гэсэн ялгамж дотор тонгочиж байгаа үед үйлийн үрийн хамааралд хүлээтэй байгаагийн баталгаа юм.
Хурмаст тэнгэр дээр эхлээд очиход мэлмийгээрээ тулж орчхоод байсан. Сахал дээр нь тулчхаад харахад ус гэхээр ус биш, цагаан саарал өнгөтэй халиурсан зүйл байгаад байдаг. Эхэндээ би тулж очоод юуг нь мэдэхгүйгээр буцчихаад байдаг байлаа. Дараа нь холдож үзэх ёстой юм байна гээд холдсон чинь хэтэрхий холдчихож билээ. Тэгсэн бүр цаана задгай сансарт цагаан үс сахал нь халиурсан өвгөн байгааг харсан. Гэх мэтчилэн мэлмийгээр харахад хүртэл дадлага туршлага их хэрэгтэй байдаг.
Зарим нь хаалгаар орчихсон цаашаа хараад сууж байдаг. Тухайн үед Эрлэг номун хаантай уулзаад, энэ хүн болоогүй байна надад өг би авч явах ёстой гээд авч явдаг байсан. Яг л та бид хоёр зэрэгцэж суугаад уулзаж байгаа юм шиг л өөд өөдөөсөө харж байгаад ярилцдаг байлаа. Дараа нь очихоор эрлэгийн эрлэг ирлээ. Аваад явдаг биздээ. Аваад явахгүй юу гэдэг болчихсон байсан.
Тухайн үйл явцад тэнгэрүүдийн эрхээр биш, эрхшээж байсан чанарт эрлэгийн хаанд хүртэл эрлэг болчихсон байсан гэсэн үг юм уу даа.
Эдгээр зүйл тухайн үедээ үнэхээр бодитой байдаг ч дараа нь зэрэглээн доторх зэрэглээ болон үлддэг.
Өөрөөр хэлбэл тухайн ухамсрын түвшинд бодит байдаг ч ухамсар хэтийдэх хэрээр зэрэглээнээс өөрц үгүйг танин барьдаг билээ. Гэтэл эдгээр зүйлс намайг юунд бөгжилж байсан гэхээр, энэ насандаа байтугай хэдэн төрөлдөө туулж гарахад бэрх тийм аймшигтай хүлээсэнд бөгжилж байсан гэдгийг таньсан. Намайг тэнд дадуулж улам намагт живүүлж байгааг сэрж ухаарах завшаан өөрөө ирсэн юм. Энэ нь урд төрлүүдийн минь буян заяа байжээ.
Буяны даллага авахад баян Намсрай бурхан байна уу, тэр хүчийг эрхшээдэг тэнгэрийг хажуудаа суулгаж байгаад өөрөөр нь энэ үйлийг хийлгэдэг байлаа. Харин одоо хуврагууд эдгээр хүчтэй ухамсар, бурханчилсан тэнгэрүүдийг урьж дуудаж байгаад эдгээр үйлүүдийг хийдэг. Улаач нар болон бусад нь ч гэсэн адилхан.
Танхимаас: Даллага авхуулна гэхээр ном уншаад байдаг шүү дээ.
Айдаа Хутаг: Энэ нь ерөөл магтаал уншиж, хамгийн сайхан үг, хамгийн сайхан хэмнэлийг бий болгоод, дээрээ авч ирэхэд урд суусан хүний сэтгэлээс сайхан болж байна, би буян үйлдэж, хийлгэж байна, миний эд баялаг арвижна гээд шуналын сэдэлтэй юм уу ямар нэгэн энерги эрчим гарна шүү дээ, тэр хүнээс.
Тэгвэл тэр хэмнэл нь буян буюу тэр тэнгэр гэх ухамсарт аз жаргалын түвшинд байх хугацаагаа нэмэх боломжийг өгч байдаг. Өөрөөр хэлбэл аз жаргалын хэлбэлзэл буюу тэнгэр байх хугацаагаа нэмж байна гэсэн үг.
Тэнгэрүүд нь тэнд байх хугацаагаа нэмэхийн тулд хэн нэгнийг эрхшээж, буян гэгдэх үйлээ хийлгээд байлгах сонирхолтой байдаг.
Өөрөөр хэлбэл, энэ баглаандаа байлгах сонирхолтой байдаг. Нэгэнт эрхшээлд нь орж, амиа авч явах ажил амьжиргаа нь болсон бол тухайн хүн энэ баглаа хамаарлаас ухамсарлаад гарахад хэцүү.
Танхимаас: Тэр эрлэг гэдэг тийм бодитой байдаг юм уу. Там байдаг гэсэн үг үү. Харахад аймаар гэдэг нь юу гэсэн үг вэ.
Айдаа Хутаг: Та сая хуучилсантай зууралдчихав уу.
Танхимаас: Тийм юм шиг байна. /Бүгд инээлдэв/
Айдаа Хутаг: Тиймээ. Там, диваажин аль аль нь бодитой байна. Гэхдээ тухайн хязгаартаа л бодитой мэт байдаг. Тэр нь энэ махан бие байтугай хоёр дахь гурав дахь бие хий чанарт байгаа нарийн биений түвшинд хүртэхэд жихүүцэл төрөхөөр байдаг. Энийг та нарын тархинд сонирхол болгоод өгөөш хаяж байгаа юм. Дараа нь юу вэ гэдгийг үнэмлэхүй түвшинд нь хуучлах боломж олдох болов уу. Та нар хэзээ нэгэн цагт тийм гэдгийг хүртэх болно.
Айдаа Хутаг: Одоо та нарын хувьд сүнс болон там диваажин гэх мэт маш олон мэдээллийн дунд байна.
Тэр дунд өөрийн танин мэдсэн зүйл их ховор.
Энд надтай нэг уулзаад ахиж уулзахгүй хүн олон байна л даа. Гэхдээ нэг удаа учирсны зол завшаанаар өөрийнхөө тархинд хураасан хоосон мэдлэг болоод төөрөгдлүүдийг танин мэдэхүйн түвшинд хэзээ нэгэн цагт бүрэн гүйцэт таних тэр үрийг суулгаж, авшиг хүртээх боломж Хутаг Чанарт байдаг юм шүү. Мөн аль болохоор тархинд нь зориулж нэг удаа учрагсдад тайлбарлахыг хичээнэ.
Тархинд тайлбарлах хэцүү. Яагаад гэвэл тархи аль нэг тал дээр гарч байж л санаа нь амардаг. Аль нэг тал дээр нь гаргаж тайлбарламааргүй байна. Аль алинаас нь ангид байдаг чанарыг аль нэг тал дээр нь гаргачихаар юу болох вэ. Эсвэл сайн эсвэл муу, таалагдаж байна, таалагдахгүй байна. Би та нарт таалагдаж байвал та нар ойлгох гээд байгаа юм. Таалагдахгүй бол ойлгохгүй./инээлдэв/
Үргэлжлэл бий…
Зүрхэндээ анирдах ерөөлтэйг үг утгаар уншуулж байгаадаа хүлцэл өчье. Учир юу гэвээс Ай Даа Хутагийн Айлдвар, Сургаал, Сударыг бичгийн хэлэнд дуун хөрвүүлэг үйлдээгүй болно.
Өөрийгөө таньж мэдэхийг хүсэгч хэн бүхэнд зориулав.
Зүрхэндээ анирдахыг хичээгээрэй…
Эх сурвалж: 2017.01.07 АШУҮИС-д болсон Нийтийн Айлдвараас…
