Ай Даа Хутаг: Тэнгэр бол 1000 – аас хэдэн сая жилийн настай ухамсар. Тэд аз жаргал дээд жаргалан гэдэг хэлбэлзэлд хэмжээлшгүй жаргалыг л мэдэрдэг. Зовлон мэдрэхгүй. Гэхдээ тэнгэрт түгшүүр мэдрэгддэг. Тэр нь ямар түгшүүр вэ гэхээр, оноогдсон хугацаа нь эцэслэхээр дараа нь яах вэ гэдэг нь тодорхойгүй байдаг тэр л айдас. Их буян үйлдээд байвал та нар дараа төрөлд тэнгэр болно гэсэн үг. Тэнгэр болох шаардлага байна уу.
Энэ бол үйлийн үрийн систем дотроо хамгийн дээр оршиж байгаа тийм хэлбэлзэл. Гэхдээ л үйлийн үрийн систем дотроо.
Юу ч үйлдсэн ард нь ашиг харахаа, горилохоо болчихвол буян хийсэн ч буян гэдэг үйлийн үр дотор баглагдах учир үгүй болно.
Би энэ бүгдийг энд тэндээс уншсан, дуулснаа яриад байгаа юм биш л дээ. Танин барьсан учраас та нарт хуучилж байна. Уг нь буян гэдэг үнэхээр өөр ухагдахуун юм шүү. Одоо хүмүүс өөрөөр ойлгоод хэрэглээд байна.
Танхимаас: Тэгээд ямар ойлголт юм вэ.
Айдаа Хутаг: Таны сав бэлэн болохоор хуучилж болох юм. Одоохондоо тийм завшаан алга. Би энд тэндээс уншсан юмаа та нарт хэзээ ч ярихгүй. Надад уншсан 2 ном 1 судар бий. Сургуульд орохоосоо өмнө уншиж бичээд сурчихсан байсан учир “Могойн боолт” гэдэг монгол роман, тэгээд “Сүмтэй будрын чулуу” гэдэг номыг, дараа нь Бурханы шашны ганцхан судар уншиж дүүргэсэн.
Могойн боолт роман тийм насны хүүхэд уншихад ойлгомжтой биш л байх л даа. Гэхдээ би тэр үед уншаад ойлгосон. Могойн боолт гэдэг нэртэй роман уншсан хүн байна уу.
Танхимд: Үгүй, үгүй /Бүгд толгой сэгсрэв/
Айдаа Хутаг: Тэр романд ямар үйл явдал гардаг вэ гэхээр нэг сайхан залуу өвөг дээдсийн үлдээсэн маш их хөрөнгөтэй. Тэгээд түүгээрээ залуу насандаа туйлж яваад маш олон хүмүүсийг гомдоож, муу үйлийг их үйлддэг. Насны эцэст хийсэн үйлэндээ боомилогдож таалал төгсдөг. Энэ надад юу ойлгуулсан гэхээр, юу үйлдэнэ түүнийгээ дараа нь үүрдэг гэдгийг, өөрөөр хэлбэл үйлийн үрийн систем гэдгийг үйлийн үр гэдэг үгийг мэдэхгүй л дээ. Тэнд юу хийсэн дараа нь түүнийгээ амсдаг гэдгийг л ойлгосон. Одоогийнхоор тайлал нь би үйлийн үрийн системийг сургуульд орохоосоо өмнө ухаарч байсан гэсэн үг.
Дараа нь Сүмтэй будрын чулуу гэдэг ном. Би Р.Чойном гэж ямар хүн байдгийг мэддэггүй байсан. Тэр хүний шүлгийн номыг эхнээс нь дуустал уярч уншсан. 4, 5 настай хүүхэд ном уншаад уйлаад байгааг харах та нарт ямар харагдах бол. Би эндээс амьдрал биш юм гэхэд жаргал, зовлон гэдэг хэмнэлийг ухаарсан. Би тийм амьдрал үзээгүй ч гэсэн өөрөө үзсэн юм шиг түүн дотор туучсан.
Дараа нь Будда Хутагийн Анандаар уламжлагдан үлдсэн олон мянган судрын нэг кириллээр бичсэн судрыг уншиж дүүргэсэн. Шашин гэгдэх ойлголт утга үгүүдийг би яагаад ойлгоод байсныг тухайн үед мэдээгүй. Сүүлд урд төрлөө мэдсэний дараа учрыг нь ойлгосон. Тухайн судрыг нээгээд харж байтал өөр мэдрэмж төрсөн.
Тэгээд нүдээ аниад мэлмийгээрээ хартал сударт дурдагдаж байгаа сартваахь, аяга тэхимлэг, махасадва, бодисадва, тийм ийм тэнгэрүүд, ягчис гэх мэт өөр чанартай ухамсрууд ирээд суучихсан байгааг харсан.
Тэгээд тэд нарт зориулж судрыг уншиж өгсөн. Тэндээс тэнгэр гэдэг ойлголтыг авсан. Мөн дараа нь хэсэг хугацаанд тэнгэртэй гэгдэх хүмүүсийн дунд орж тэнгэр гэгдэх хэмнэлийг танин барьсан.
Тэнгэрүүдийн хүчийг ашиглаж нэг хэсэг хугацаанд үйлдэл биш үйл явцаар нь үйл хийсэн. 10 гаруй тэнгэр асуруудыг эрхшээдэг байсан. Тэнгэр асурын эрхшээлд биш тэднийг эрхшээж өөрсдөөр нь үйлдүүлдэг байсан. Харин одоо бусад хүмүүс тэнгэрүүдийнхээ эрхшээлд түүний хамаарал, эрхшээлд орчихсон үйл хийгээд байна. Тэр үед тийм байсан одоо ч мөн тийм л байна. Тухайн үед би тэнгэрүүдийг эрхшээдэг байсан хэрнээ л тухайн үйл нь намайг хэн нэгэнд буян хийсэн гэсэн дурсамжаар, тусламж хүсэгсэд болон намайг өөр чанарт баглаж байгааг мэдсэн.
Одоо улаач болон хуварга бусад үзмэрч, зурхайч, тэнгэртэй гэх хүмүүс мэддэг чаддаг эмчилдэг, домнодог, мэргэн түргэн гэх үйл хийгээд яваа хүмүүс ийм хүлээсэнд баглагдаад байгаагаа мэдэх учиртай. Өөрсдийгөө хэн ч биш болгоод. Та нарын ярьдаг хэн нэгэн, хэн ч биш гэдгийн хэн ч биш болгоод байгаа юм. Тэгээд эдгээрээс ангид болох гэж хэлэх үү, тэр баглааг танин барьсан гэх юм уу, ямар нэг юманд хүлэгдэхгүй байх боломж байгааг сэрж таних хэрэгтэй.
Одоо та нарын ухамсар тэлж ямар нэг зүйлийг хүртэн бариад ирэхээр хэлбэлзлийн хувьд үйлчилдэг тусалдаг ухамсрууд байдаг. Давтамж хэмнэлүүд байдаг. Тэр хэмнэлүүдийг орчин цагийн хэлээр бол бонусаар ирдэг гэх юм уу даа. Тэр бонус буюу урамшуулал боломжийн хүчээр өвчин зовлонг засах, цэгцлэх, биеэсээ гарах, нарийн биеүдээр аялах, агаар усан дээр явах гээд шидийн цаадах шидүүд их энгийн болчихдог.
Тэнгэрийн үйлээс даваад ирэхээр ухамсрын түвшинд мэдрэгдэж байгаа хэмнэл маш хүчирхэг мэдрэгддэг. Бүх эд эсээрээ бүхнийг эрхшээж эхэлдэг. Энэ бол хувилгаан түвшин.
Эдгээр үе шатуудыг хүн бүр туулах боломжтой байдаг. Гэхдээ тийм хэмнэлд хэт автаад явчихвал ахиад л өөр хамааралд хөл алдана гэсэн үг. Та нарт ийм зүйл тохиолдох байх. Заримд нь хувилгаан түвшний биш ч хөнгөн хэлбэрийн үйл явц эхэлчихсэн байна.
Түүнд битгий живээрэй л гээд байгаа юм. Ер нь аль нэг түвшин, эсвэл дээд доод дотор тонгочиж байгаа бол адилхан баглаас хүлээс юм шүү. Дээд нэртэй хүлээс доод нэртэй баглаас гэж ухаарах хэрэгтэй.
Дээд доодын тонгочоо үгүйг таньсан агшинд таны зүрх мөнхөд амгалан байсан гэдгийг хүртэнэ.
Шид болон хувилгаан түвшинд дурлах, таашаах зүйл үнэхээр үгүй. Дурлах таашаахаас хэтийдэж байж зүрх тань зогсонги гэдгийг баримжаална. Үргэлжлэл бий…
Зүрхэндээ анирдах ерөөлтэйг үг утгаар уншуулж байгаадаа хүлцэл өчье. Учир юу гэвээс Ай Даа Хутагийн Айлдвар, Сургаал, Сударыг бичгийн хэлэнд дуун хөрвүүлэг үйлдээгүй болно.
Өөрийгөө таньж мэдэхийг хүсэгч хэн бүхэнд зориулав.
Зүрхэндээ анирдахыг хичээгээрэй…
Эх сурвалж: 2017.01.07 АШУҮИС-д болсон Нийтийн Айлдвараас
