Намаг дундаас
Бадамлянхуа дэлгэрдэг шиг
Нарт хорвоогоос
Чанадын Билгүүн өөрөө тодорно.
Хорвоогийн эрээн бараанаас зугталгүй
Хор, эм хоёрыг ялгал үгүй чанарт сүлж
Ашидын заяандаа алагчилгүй түгээсэн
Адистадын Хутаг Чанар үл тасрах буюу.
Муу бүхнээс зугтаж сайныг олсон
Чанадын Билиг үгүй.
Муу бүхний гүнээс ялж гэтэлсэн
Ариун Хутагтуудын шашдир
Галав дамжин дуурсана.
Муухайгаас зугтаж
Сайхныг олохгүй.
Би үзлийн зовлонгоос
Үлэмжийн чанарыг танихгүй.
Харин ч
Муу бүхний гүнд нэвтэрч
Би үзлийн зовлонгоос өнгийж чадвал
Хоёр үгүйн найрсаг чөлөөнд
Мөнхөд эрхлэнэ.
Нэгэнт нуусан эрдэнээ олсон бол
Сайн таатай бүхний эрэлд хэзээ ч хатахгүй
Гадна орших бүхэн төгс төгөлдөр
Зөвхөн таны хүлээн авч байгаа заяа
Төгс биш байдаг юм шүү.
Тааламж, жаргал, диваажин, шинэ эрин,
Мөнхийн Хайр гэх мэтчилэнг
Ирнэ, ирж байгаа, тун удахгүй
Хүлээж авна эсвэл
Хэн нэгэн өгнө хэмээн хүлээсээр олон зууныг барж байгаа хүн төрөлхтөн билээ бид.
Өөрт заяагдмал мөн чанарыг гаднаас горьдож мөнхийн гуйланчлалд насаа барах хэрэг юун
Сайтар ажвал өмнөх төрөлдөө ч ийм хамаарал горьдлогонд олон заяагаа барсан шүү дээ.
Цоо шинэ зүйл хаана ч үгүй
Харин зуун зуунд ийм элийрэл цоо шинэ мэт хүртэгддэг нь таны заяа тавилантай холбоотой.
Өөрийн амар амгалан түүнээс Чанадыг танин барих гэж хичээ
Өрөөлийн юу гэх, юу гэснийг бус
Өөрийн заяандаа эзэн бай.
Тэгж чадахгүй бол таны өмнөөс бусад
Бурхан, Тэнгэр, Асури, Сахиусан тэнгэр, Хэн нэгэн, Хэн нэгэн царайлагчид, Аврагч мэт дүр үзүүлэгч, дүр үзүүлж буйгаа мэдэхгүйчүүд, Наран мэт дүр эсгэгчид эзэн суучихдаг юм шүү.
Хэрэв өөр эзэн таны хувь заяаг мэддэг болчихвол хэдэн зуун төрөл ухамсар ухаарал үгүйн гуйланчлалд өртөх төвөг бий.
Уг нь хүний заяанд мэндэлсэн бүхэн заяагдмал чанартаа Чанадын Билгүүн Арилсан Хутаг Чанар билээ.
Өөрөө өөртөө хичээсэн бүхэн тань
Ашидын заяанд тань завшаан болог ээ.
Өндөр дээд заяанд тань хэн нэг номлох
Хэн ч бишийн хэн ч биш
Айлдах хоёрын зөрүү тэнгэр газраар ч зүйрлүүлшгүй хэтийдсэн авшигтай билээ.
Таны оюун санаа баримжаалж дийлэх үгүй
Амьдралыг байгаагаар нь амтлахтун.
Зүрхэндээ анирдах ерөөлтэйг үг утгаар уншуулж байгаадаа хүлцэл өчье. Учир юу гэвээс Ай Даа Хутагийн Айлдвар, Сургаал, Сударыг бичгийн хэлэнд дуун хөрвүүлэг үйлдээгүй болно.
Эх сурвалж: Нийтийн Айлдвар /АШУҮИС 2017.01.04/