Ай Даа Хутаг: Хутагт Чанар хувилгаан түвшнийг дамждаг. Түүнээс тухайн цаг үед амьдарч байсан Хутагт Чанарын хойд дүр биш байдаг

by admin

Танхимаас: Ай Даа түрүүчийн сэдвээ үргэлжлүүлж болох болов уу.

Ай Даа Хутаг: Ямар сэдэв билээ.

Сэрүүн Зүүд подкаст
Сурталчилгаа

Танхимаас: Хойд дүрүүдийн тухайд

Ай Даа Хутаг: За юу гэж байлаа.

Танхимаас: Хутагтуудын хойд дүр гээд. Тэгээд явж байсан

Ай Даа Хутаг: Хутагт чанар хувилгаан түвшнийг дамждаг. Үлгэрлэвэл: Тэд хувилгаан түвшинд байхдаа 10 шид үзүүлдэг байсан гэж баримжаалахад аль нэг хувилгаан чадвар шид нь олон хүнд танигдсан байдаг. Энэ хувилгаан ингэдэг гээд. Тэгмэгц тухайн ухамсар төгс дэлгэрээд /Төгс гэгээрэх/, дараа нь Хутагт Чанарт ариллаа гэхэд, олон хүн харж хүртээд үйлийн үр таригдсан, танигдсан тэр хувилгаан чанарын нэг ухамсар тусдаа амин урсгал тээж төрлөөс төрөл дамжаад, үйлийн үр дотор өөрөөр хэлбэл шүтэн хамаарал дотор юм шиг гадна чанарт хөлбөрдөг. Энэ нь харамсалтай нь энэ шалтгаанаас болж хэмжээгүй олон төрөл дамжиж байж бүхнээс ангид чанарт арилах завшаан нээгдэх нь ховор юм. Өөрөөр хэлбэл нэг чанар нэг хувилгаан хэлбэр нь л тусдаа ухамсар болоод бие чанар болоод явчихдаг гэсэн утга.

Түүнээс тухайн цаг үед амьдарч байсан Хутагт Чанарын хойд дүр биш байдаг. Үүнийг өөр зүйлтэй жишвэл, таныг бүтээж байгаа олон живаа эсийн нэг эсийг нь, за нэг эс нь ч биш бүр нэг эсийг бүтээж байгаа олон сая атом молекулаас нэгийг нь онцлоод, энэ ганц молекул энэ хүнийг 100 хувь илэрхийлнэ гээд байвал утга дүйхгүй биз дээ. Энэ шүтэн хамааралд өвс, мод, чулуу гэх мэт олон хэлбэрт ирээд байгаа нь хувилгаанууд шүү дээ. Үйлийн үрийг хамгийн дээд хэлбэрээр шавхаж барах хэлбэр нь мод, ургамал болон бусад төрөл зүйлээр ирэх байдаг. Хэдэн зуун жил байхдаа өөрийгөө дуусан дуустал хариу нэхэлгүй өгч байгаад дуусдаг. Энэ бол үйлийн үрийг дээд цэгт нь тултал гүйцээдэг.

Танхимаас: Тэгэхээр энэ ургамал, мод биднээс илүү гэсэн үг үү.

Ай Даа Хутаг: Та нар таалагдвал хайрлана, таалагдахгүй бол хайрлахгүй гэдэг. Ургамал, мод бол таалагдах, таалагдах үгүйгээс ангид, зүгээр л хайрыг урсгаж байдгаараа биднээс илүү. Бид нар бол энэ ертөнцийн зовлон, жаргал гэх бүх мэдрэмжийг махан бие дээрээ хүртээд, дээдийн дээдэд хүрэх, түүнчлэн бүхлээс Ангид Чанарт, боломж нь бусад төрөл зүйлээс илүү.

Гэх мэт илүүг хуучилбал бүгд өөр өөрийн онцгой чанарт байна. Бусад хувилсан ухамсруудын тухай ярья л даа. Хувилгаан гэж андуурав хувилсан шүү. Далай лам, гэгээн, гэгээнтэн, мастер багш, гүрү, төгс гэгээрэгсэд, богд, хамба гэх мэт үнэнг таньж сэрэх гэж хичээгсэд дотоод ухамсрын хувьд ямар түвшинд бясалгал үйлдэж байсан, ухамсар нь хэр хэмжээнд тэлсэн, ямар хүлээсэнд баглаатай байгаа эсвэл гэрэл үү, шид үү, тэнгэр бурхан гэх мэт зүйлд хэр хамааралтай байгаа зэргээс шалтгаалаад, таалал төгсөхдөө өөрийнхөө болгоосон орон зайд, оюун ухаан, сүнсний задрал ямар хэмжээнд задрах вэ гэдэг нь тодорхойлогддог.

Жишээ нь: Аль нэг хувилсан чанар таалал төгслөө гэхэд энэ дундаас онцолбол та бүхний сайн мэдэх Далай лам мөнх бусыг үзүүллээ гэхэд Бурханы шашин дэлгэрсэн гэгдэх газруудад аль болох сүнсний задралаараа тухайн хэмжээст задрах гэж эрмэлзэх мөн задрах боломжтой байдаг. Үүнийг та нарт сүнс гэж баригдуулж хэлэхгүй бол өөрөөр төлөөлж ойртуулаад хэлэх гэхээр хүртэгдэх ойлголт ховор байна.

Сүнсний задралаар оюун ухааны тэлсэн тэр цараагаар сэрэхүйн түвшин тухайн үед хэр зохирч байгаагаас хамаарч Далай ламыг таалал төгсөхөд тухайн үед жирэмсэн байсан эхчүүдээс мэндэлсэн бүх хүүхдүүд эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай Далай ламын хойд дүр мөн. Тэр дундаас гол нь яг аль нь шашны болон сонгож тодруулах гэж байгаа хүмүүст илүү ойрхон, илүү таалагдаж, илүү урьдын юмаа таньж байна гэдэг шалгуураар нь л сонгогддог. Түүнээс өвсөн дотор зүү хайж байгаатай адил зүйл биш байдаг. Далай лам болон бусдын тухайд шүү дээ.  Яг хувилгааны хойд дүр гэвэл энэ бас өөр учир бий. Хувилгаанууд ая зөнгөөрөө өөрсдөө тодорч түүний дараа олон түмэн тодруулдаг мөн түүхэнд үлдээдэг жамтай. Одоо энэ үйл явц эсрэгээрээ байх шиг байна.

Танхимаас: Далай лам Хутагт мөн үү.

Ай Даа Хутаг: Заа, би зөвхөн таньд учирлая. Та болж өгвөл зөв, буруугийн аль нэг дээр дэнслэхгүй байхыг хичээгээрэй. Яагаад гэвэл та бүхний итгэл бишрэлтэй холбоотой сэдэв учир. Би таны итгэлийг сэвтүүлмээргүй байна. Уг нь та ямар ч шашны Чанадын түүчээг эрхэмлэн шүтдэг бол наад талын хэлбэр өнгө үзэмж, хэн гол дүр нь байгаад ач холбогдол өгөх хэрэг үгүйг таних байсан байх. Цааш нь үргэлжлүүлье дээ. Далай лам төгс гэгээрэлд хөтлөгдөж түүнээс чанад Хутагт Чанарт тэмүүлж яваа л эрэлчин. 14 төрөл эрээд л яваад байна шүү дээ. Одоо 15 гээд явах гэж байгаа. Тэд хэлбэрээр бий болгосон нигүүлсэл дотор, энэ ертөнцийн зовлон хэзээ дуустал, Эх болсон 6 зүйл хамаг амьтны тусын тулд би ирсээр байх болно гэсэн андгай тангаргийг үйлийн үрийн систем дотор тунхагласан байдаг. Анхны дүрүүд нь. Тийм учир төрлөөс төрөл дамжаад төрдөг.

Танхимаас: Энэ юу гэсэн үг үү. Гэгээрээгүй гэсэн үг үү.

Ай Даа Хутаг: /Ай Даа инээв./ Шашны хувьд бол гэгээрсэн. Энэ их олон ойлголт байна л даа. Тархи болон оюун ухааны түвшинд гэгээрэх, бодлын түвшинд гэгээрэх, сэтгэлийн түвшинд гэгээрэх, мэдрэмжийн түвшинд, зүрхний түвшинд гэгээрэх, ухамсрын түвшинд гэгээрэх, сүнсний түвшинд гэгээрэх, орчлон ертөнц огторгуйн түвшинд гэгээрэх, хоосон чанарын түвшинд гэгээрэх, онох, гэгээнд төгс гэгээрэх, бүрэн дэлгэрэх, бүхлийг эрхшээх, чанадын чанадад хэтийдэх, тэгээд байх үгүйгүйн байх үгүйд арилах. Тэнд ухамсарлах юу ч байх үгүй. Оюун ухаан байтугай түүнээс Чанад нь илэрхийлэхэд хүчин мөхөстөнө.

Танхимаас: Бид тэгээд аль түвшинд гэгээрэх гээд байна.

Ай Даа Хутаг: Та нар мэдлэгийн түвшинд гэгээрэх гээд явж байна. Доктор профессорууд мэдлэгийн түвшинд та нараас өөр. Тухайн хамгаалсан сэдвээрээ бол та нарыг бараадуулахгүй шүү дээ. Гэтэл миний урд ирээд суусан ямар ч доктор профессор эрдэмтэн мэргэд хүн л байдаг. Тэр хүн хэчнээн мэдлэгтэй байгаад нэмэр байхгүй. Учир нь хэн ч биштэй, мөн тархи үгүйтэй мэдлэгийн түвшинд мэтгэлцэх боломж үгүй. Өөрөө өөртэйгөө тархин дотроо мэтгэлцээд нэмэр байна гэж үү. Мөн хэдэн төрөл дамжсан ч тархины мэдлэгийн мэтгэлцээн дуусахгүй. Үнэн, худал хоёр хоорондоо ялгаагүй талбарт яах ч билээ дээ. Энд миний би гэж хэлж байгаа нь та нарын би гэдэг ойлголтоос ондоо шүү.

Та нар бол миниймхийлсэн би-гээр би гэдэг. Би, би гээд хэлэхэд цаана нь бид гэдэг суурь нь байдаг. Энэ орчлон ертөнц оршихуй байх үгүйгүйн байхгүй үндэс суурь болж би гэдэг. Энд та нар намайг хэн нэгнээр хараад байгаа нь төөрөгдлийн шинжтэй. Энэ Чанартай тархиараа мэтгэлцэх өнцөг болоод байна. Энэ Чанар би гэдэг хэмнэлийг хэрэглэдэг. Харин та нарын дийлэнх нь хэрэглүүлдэг. Би би үгүйд. Та нар би гэх зэрэглээг бодитой болгох гэж зүүдэндээ итгээд тэмтчээд байна. Намайг битгий хэн нэгэн болгох гэж өөрийгөө хүчил л дээ гээд хэлэхээр тэгвэл багш болгоно гээд дайрах юм.

/Инээлдэв/

Та нарт одоо багш хэрэггүй. Ер нь хэн нэгэн хэрэггүй. Та нар хэдэн төрөл багшаар дамжаад ирсэн шүү дээ. Багш нь ингэсэн юмаа гэхээр л та нар тэр замаар нь замнах гээд байна. Зүрхээрээ л биш бол хэн нэгний түүчээлснээр өөр хэн нэгэн алдалгүй мөрийг нь дагаж алхана гэдэг боломжгүй. Та өөрийн гэсэн ертөнцтэй ирчхээд хэн нэгний гэгээрсэн, сэрсэн, таньсан гэх балархай жимээр хаа хүртэл бүдчих вэ.

Одоо та нарын тархинд тань, сэтгэлд тань тэр байтугай зүрхэнд тань “Би” гэх түр зуурын үзэгдэл юу ч үлдээх хэрэггүй. Аль болох бүх зүйлээс ангид гэдгийг таньж өөрийгөө чөлөөл.

Ийм олон хүлээсэнд байгаа хүмүүст би дахиад Энэ Чанартай /Ай Даа өөр лүгээ заав./ холбоотой өөр хүлээс нэмэх шаардлага байхгүй.

Танхимаас: Хүлээсэнд байхгүй явъя гэхээр чадахгүй байх юм, тэгэхээр яах вэ.

Ай Даа Хутаг: Түүнийгээ тань.Таних болгонд хүлээс бүр танаас өөрөө задарч, угаас ангид гэдгийг танина. Хүлээс үгүй эсвэл хүлээс бүр таныг өөрөө орхино. Үүнийг олон янзаар тайлбарлаж болно.

Танхимаас: Түүнийг яах вэ, аргыг нь мэдэхгүй юм.

Ай Даа Хутаг: Одоо та ингээд л сууж байна шүү дээ.

Танхимаас: Хийсвэрээр нигүүлсэл үүсгэх аюултай юу.

Ай Даа Хутаг: Та нар одоо энд ирсэн учир аюулгүй. Юу хийнэ түүнийгээ хий. Юу үйлдмээр байна түүнийгээ үйлд. Ухамсартай үйлдэл бүхэн үйл явц руу хөтөлнө.

Тэр алхам та нарыг ямар нэг үнэмлэхүйн үнэнд хөтөлнө. Эсвэл энэ угаасаа учир үгүй байсан юм байна гэдгийг таниад орхино. Та нар ямар ч зуршилтай, ямар ч дадалтай байсан тэд хэзээ нэгэн цагт та нарыг өөрсдөө орхиж явна. Та нар үүний суурь эхлэлийг энд хэн нэгэнтэй биш хэн ч биштэй учирснаараа тавьсан.

Танхимаас: Дуртай юмаа хий гэдэг нь дотроо муу юм хийж байна, сайн юм хийж байна гэж бодохгүйгээр хийх ёстой юу.

Ай Даа Хутаг: Та сайн юм хийж байна гэж бодоод муу юм хийж байдаг. Муу юм хийхээр сайн юм хийж байдаг. Сайн, муу нэг мөн чанартай. Хэрхэн ухамсарлаж байгаа нь чухал болохоос гадна талын үйлдэл чухал биш. Ухамсарлана гэдэг нь бодол бодчихоод, дахиад бодлоороо бодлоо бодно гэсэн утга биш шүү.

Бодлоо тунгаа гэж бидний өвгөд сургаж ирсэн байна. Тунгаа гэдэг ганцхан үг ямар учиртайг, учир нь ямар начиртайг гээд л ухаарлын гүнээс гүн рүү шумбуулдаг байжээ.

Би бодол болон сэтгэл юу юм бэ гэдэг энэ хүлээснээс тань эхний элжинд ангид байх тэр авшгийг өгнө. Та нар хэзээ нэг цагт үнэмлэхүйд түүнийг сэрэн танина. Тэр хүлээтэй байсан зэрэглээнүүдээс ангид гэдгээ танина.

Танхимаас: Ер нь ном уншаад байх шарлагагүй гэсэн үг үү.

Ай Даа Хутаг: Ном гэж ямар утга юм. Ном гэдэг нь үнэн гэсэн утга агуулдаг үг шүү дээ, хөрвүүлэхэд. Энэ зуунд хүмүүст тархиндаа системчилж логикоор ойлгосон зүйлсээ цаасанд буулгаад ном гэж нэрлэчихсэн. Хэн нэгний бодол сэтгэлд өөрийн хамааралгүй юмаа тонхижуулж бичсэн, зохиосон, ургуулан бодсон, өгүүлэмж үгүйг өгүүлэмжээр илэрхийлж хүргэх гэсэн нь өөр хэн нэгэнд үнэн болж хэзээ ч очихгүй.

Будда болон бусад Хутагтуудаас үлдсэн чанадын түүчээ үнэн байж болно. Яагаад гэвэл энэ ор үгүйг цааш нь түүчээлээд яваад байхаар Чанадын Чанадад байдаг үнэмлэхүйд байдаг хэзээ ч хувирдаггүй үнэн рүү хөтөлдөг.

Бусдын эрээчээд гаргачихсан байгаа тэр утга ойлголтын манан дотор өөрийнх нь хувьд үнэн байгаа болохоос таны болон өөр хэн нэгний хувьд үнэн байхгүй. Мөн зүрхээрээ юу, тархиараа юу гэдгээс хамаарна. Тэнд зохиол явж байгаа. Хэн нэгний бодол, мэдрэмж, төсөөлөл сэтгэл, мэдлэг гэх мэт олон хамаарал… Энэ чинь ийм юм байна гэхэд, өөр нэг нь үгүй ээ наадах чинь тийм юм гээд, Би, би-гээ давах гээд насаа барж байдаг. Үнэн, худал хоёрт л дэнслэгдэж насаа бардаг гэсэн үг. Ийм хоёр чанарт дэнслэгдэж байгаа л бол үнэн байхгүй.

ҮНЭМЛЭХҮЙ ҮНЭН БОЛ ЭНЭ ХОЁРООС АНГИД ЧАНАР.

Ном уншиж болно. Гол нь яаж уншиж байгаа нь хамаатай. Зүрхээрээ уншиж байна уу, тархиараа уншиж байна уу. Та нар номыг уншихдаа наад талын үгтэй л зууралдаад байдаг. Тэгээд үгийг юу гэж ойлгож байгаагаараа баримжаа авдаг. Бүр үгтэй ч биш, тухайн үгийг өөрийнхөө ойлголтоор юу гэж төсөөлснөөрөө.

Үгийн цаад үг, үгийн цаад утга, үгийн цаад сүүдрийг хүртэн тосож чадахгүй байна. Бидний өвөг дээдэс үүнийг хүртэн барьдаг байсан. Эндээс нэг үг хэлэхэд цаана нь ямар утга, бүр утгаас давсан сэрэхүйд амталдаг байж. Тэгэхээр номыг наад үгэнд биш, цаад утга энэ хүн юуг илэрхийлэх гээд байна гэдгийг танин барьж чадвал та зүрхээрээ уншиж чадна. Сэтгэл хөдлөл биш шүү.

Гэхдээ тархины хэмжээнд боловсруулагдаад оюун ухааны түвшинд гарсан байгаа тэр бүтээлүүд хэзээ ч таныг үнэмлэхүй үнэн рүү хөтөлж чадахгүй. Үнэн рүү хөтөлдөг номыг судар хэмээнэ.

Гэхдээ сэтгэлээрээ биш зүрхээрээ амталж уншиж чадахгүй бол судар ч үнэн биш. Хий хоосон мэдлэг мэдэмхийрэл, төсөөлөлд хийсвэрлэл зэрэглээ болно. Зуун зуунд Хутагтууд нэг л зүйлийн тухай олон хэлбэрээр ухамсарлуулах гэж хичээж ирж. Цаанаа хоосон чанартай нэг л зүйлийг. Та нар өмнөх олон төрөлдөө ганц үнэнг таних гэж мэрийж ирсэн. Харамсалтай нь төрөл бүрд маш олон мэдлэгээр тархиа дүүргэх гэж нэг зүйлийг олон янзаар тайлбарлачихсан зуун зууны мэдлэг, сургаалын төөрөгдөл дунд бүдчиж иржээ.

Олон зууны өмнө хэн нэгний сэрэх ухамсарт зориулж илэрхийлж байсан судар, сэдэв өнөөгийн хүнд ойлгож ухамсарлаж хүлээж авахад үнэндээ бэрх. Гэхдээ бэрхшээл зовлон их байх тусам та нарын сэрэхүйн амт зуу зууны бүх Будда нарын гэгээрэл, эгээрэл түүнээс Чанадын Хутаг Чанарт төгс нөгчсөн арилсан амтаас ч тансаг байх болно.
2017.01.07 АШУҮИС-д болсон айлдвар