Ай Даа Хутаг: Одоо агшин бол Амар амгалангаас цаашхи тэр сэрэхүй. Одоо агшин бол мөнхөд үргэлжилдэг агшин

by admin

Танхимаас: Одоо агшин. Хүмүүсийн ойлголт байдаг л даа. Миний одоо ингээд сууж байгаа чинь одоо агшин юм биш үү гээд. Бид одоо агшинг яаж ойлгох ёстой вэ.
Айдаа Хутаг: Та нарын дунд танин барьсан хүн одоогоор байхгүй байна л даа. Одоо гээд хэлэхэд өнгөрсөн байгаа. Ямар нэг юм ярихаас өмнөх болон ярьснаас хойшхи тэр орон зай. Энд юу ч байхгүй, ямар нэг юм илэрхийлэх боломжгүй гэсэн үг. Энд хоосон байгаа. Одоо гэдэг агшин бол тэр хоосон агшин.

Өөрөөр хэлбэл та нарын бодлын болон үйлдлийн бүх төөрөгдөлд тань хүртэгддэггүй энэ агшин. Одоо агшин бол мөнхөд үргэлжилдэг агшин. Та бүхэн яаж байна гэхээр өнөөдөр, маргааш, цагийн дараа, цагийн өмнө гээд өнгөрсөн болон ирээдүйд яваад байгаа учраас одоо агшин тэр болгоны цаана мөнхөд урсдаг гэдгийг мэдрэхгүй байгаа юм.

За яг одоо энд байгаа гээд авч үзэх юм бол, би ямар нэг юм хэллээ бол одоо ингээд хэлэх энэ хоёрын завсар одоо нь өөрөө байх үгүй. Тэгэхээр энэ оюун ухаанаар танин барих боломжгүй тэр агшин. Үүнийг өөр олон янзаар тайлбарлаж болох ч хэзээ ч таньд яг одоо агшин энэ гээд илэрхийлэхэд үг үйлдэл үнэхээр мөхөсдөнө.

Би таньд хэзээ нэгэн цагт бүрэн таних одоо агшны үрийг суулгаж чадна. Үүнийг шашны үгээр Авшиг хүртээх гэдэг. Шашны үг ч юу байх вэ дээ шашин хэрэглэдэг ойлголт гэх үү дээ. Эхлүүлэх, хүртээх гэсэн утгыг авшиг гэдэг. Хэрвээ дараа нь энэ талаар болон одоо агшныг хуучилбал арай өөрөөр зүглүүлж болох л юм.

Танхимаас: Одоог мэдрэх нь юунд ач холбогдолтой вэ. Өөрөөсөө давж түүнийг мэдэрнэ гэдэг нь чухал юм уу.
Айдаа Хутаг: Одоо агшныг мэдрэх нь та юунд савчигдаж амьдардаг юм бэ гэдгээ танина гэсэн үг. Одоог таних гээд байгаа юм биш. Өөрийнхөө одоо яаж байгааг таних гээд байгаа гэсэн үг. Угаасаа бид одоо агшинд л байдаг. Гадна талд зэрэглээ болоод үүсч байгаа олон давтамж, олон мэдээлэл, олон хувьсал, олон үйл хөдөлгөөнүүд байхгүй байгаа тэр хэмнэлийг л одоо агшин гэж байгаа юм.

Далай байна гэж бодъё л доо. Гэтэл та нар өөрийн үндсэн мөн чанараа мартчихаад, далайн дээд талын давалгаан дээр гараад давалгаа болоод явж байна. Далайн гүнд бол нам гүм л байна. Амар амгалангаас цаашхи тэр сэрэхүй. Одоо бол та нар одоо агшиндаа байж чадахгүй, түүнийг хүртэн барьж чадахгүй байгаа учраас заавал илэрхийлэл, хөдөлгөөн ямар нэг тулах цэг хэрэгтэй болоод байгаа юм л даа.

Одоо агшин бол юуг ч илэрхийлэх боломжгүй тэр хэмнэлийг хэлнэ. Хэмнэл гээд хэлэхээр бас л биш. Үгээр илэрхийлэгдэхгүй юмыг үгээр илэрхийлэх гээд би энд сууж байгаа нь хамгийн том тэнэглэл юм шүү дээ.

Танхимаас: Сонсож байгаа нь бүүр тэнэг юм байна /инээлдэв/
Айдаа Хутаг: Амьсгал ажигладаг учир нь амьсгал авлаа, аваад эргээд гаргах энэ хоёрын дунд зай байгаа биз. Гаргаад эргээд авах энэ хугацаанд бас нэг зай байгаа биз. Ийм хоёр зай бий. Үүнийг эхний байдлаар танин мэдэхэд хонгил үүссэн байдаг. Нэг нь гадна талд нөгөө нь дотор талд байдаг. Амьсгал ажиглуулаад бясалгал хийгээд байгаа нь амьсгал яаж орж гарч байгаад биш.

Цаад гол утга санаа нь авч байгаа гарч байгаа амьсгал тань гадна дотор хоёр талд алинд нь ч хамааралгүй тийм агшныг ажиглаад ямар зайд, ямар хэмжээст дээрээс нь бидэнд хүртэн мэдрэгдэхгүй тэр орон зай ямар учиртай вэ гэдгийг танин мэдэнгүүт хөндлөн хонгил үүссэн байдаг. Тэр цаашаа явсаар байгаад та нарын гадна дотор гэдэг зөрүү арилдаг.

Та нар махан биеийн гадна дотор гэдэг зөрүүн дээр байдаг. Миний дотор миний гадна гэсэн. Үүний дараагийн хэмнэл тань та нар ямар хэмжээгээр амьсгал авч байгаа, гаргаж байгаа нь хамаагүй. Амьсгал гэдэг юм та нараас өөрөө ангид байдаг гэдгийг танин мэднэ.

Амьсгалаас ангид гэдгээ танивал сэтгэлээс ангид гэдгээ танина.

Сэтгэлийн гадна талд илэрч байгаа хэлбэр нь амьсгал. Сэтгэлийн цаана мэдрэмж, зөн совин, зүрх тэгээд зүрхнээс цаашаа явдаг. Уурлахаар амьсгал түргэсэж, тайвшрахаар амьсгал уужирдаг. Унтахад бүүр хэмнэл нь шал өөр болдог. Тэгэхээр амьсгал, сэтгэл хоёр нэг зүйл. Сэтгэл нь арай нарийн хэлбэртэй. Бие гэж үзвэл арай нарийн төлөвт байгаа тэр хэлбэр. Амьсгал бол авч гаргахад мэдэгдэж байгаа мөртлөө бас та нарын мэддэггүй тэр үйлдэл.

Амьсгал зогсохоор шууд сэтгэл зогсдог. Сэтгэл зогсохоор бодол болон бүх юм зогсно. Бодол байхгүй байна гээд байдаг. Тэр бол бодол байхгүйдээ биш, бодол байхгүй юм байна гээд тэр хэмнэл явж байгаа бол бодол өөрөө тэр хэмнэлд тоглолт хийгээд явж байгаа хэрэг. Бясалгалын хэмнэл наад талдаа ямар нэг юм илэрхийлээд байгаа юм шиг мөртлөө та тэрнээс ангид байдаг юм шүү гэдэгт хөтөлж байдаг.

Гэрэл гээд хараад байгаа бол та өөрөө гэрлээс ангид байдгийг, гэрлээс ангид байгаа бол харанхуйгаас ангид байдаг гэсэн үг. Тэгэхээр гэрэл, харанхуй гээд хоёр юман дээр л сайн муу, там диваажин, тийм үгүй, болно болохгүй, жаргал зовлон өөр ямар сонголт байдаг юм ийм хоёр зүйлд байнга хуваагдаж байдаг.

Энэ хоёроос ангид байгаа тохиолдолд та нар юу болохов. НИРВААН ХУТАГ гэдэг юм чинь тэр. Гол нь өөр нэг хүн та нарт юм ярих, бясалгалаар хичээллээд жоохон юм мэдэрсэн хүн юм ярих, лам судраас нэг юм ойлгочихоод ярих, чин буддизмын нэг нөхөр юм ярих, Бодьдармаа Хутагт өөрөө айлдах, Дилав Хутагт айлдах, Ситхарда Хутаг айлдах эд хоорондоо үнэхээр зөрүүтэй.

Гол нь та нарт очихоороо хэлбэр төдий, өгүүлэмж төдий юм очоод байгаа юм шиг мөртлөө хэлбэргүйгээр, өгүүлэмжгүйгээр хэзээ нэгэн цагт танин барих тэр юмны эхлэл, авшгийг хүртээгээд байгаа нь чухал. Энэ надад ийм юм өгөөд байгаадаа гээд араас нь яваад байхаар бас биш болчихно. Тэр дахиад бүүр том төөрөгдөл болно.

Одоо агшны талаар одоохондоо та нар ийм л юм ойлгоод байж бай. Битгий яар. Сав тань бэлэн болохоор надаас халгин байгааг та хүссэн хэмжээгээр нь тосож хутгаж авч болно.

Маргааш таалал төгсөх байсан ч битгий яар. Агшны дараа таалал төгсөх байсан ч битгий яар.

Мөнх амьдралын хажууд хэдэн төрөл дамжсан ч үнэхээр яарах юм биш. Ай Даа нь энэ үед тань ийм байдлаар байвал дараагийн үед дахиад өөр хэлбэртэй байж л байна. Тэр нь дахиад өөр чанар байна шүү дээ. Махан биед биш ч таны хүртэж мэдэрч мөн хүртэж мэдрэхгүй бүхэнд үүрд мөнх зүрхэнд тань ярьсаар байх болно. Нэгэнт энд учраад, ололцоод, ерөөлөөр холбогдсон бол дараа долоон төрөлд тань ямар нэгэн байдлаар байж л байна…

Ай Даа Хутагийн Айлдвараас