Ай Даа Хутаг: Зовлон жаргалаас хэтийдэж амар амгалангаас цааш танин барих боломж зөвхөн хүн заяанд л байна

by admin

Танхимаас: Айдаа, Би эмч хүн болохоор асууж байна л даа. Энэ бясалгалд суусны хувьд хөнгөвчлөх эмчилгээ хийлгэж байгаа үр хүүхэд хамаг юмандаа санаа нь зовсон эдгэршгүй өвчтэй хүнд энэ бол бүх юмны төгсгөл биш би цаашдаа мөнхөд амьдрах юм байна гэсэн итгэлтэй байх талаар эмч бид нар ойлгуулж байх ёстой юу.

Айдаа Хутаг: Ертөнцөд ирсэн бол буцах нь жам. Тэгэхээр хүмүүс ямар тохиолдолоор буцаж байгааг чухалчлаад байна. Хавдраар байна уу, хахаад байна уу, бүдрээд байна уу, живээд байна уу яг адилхан таалал төгсөж байгаагийн нэг л хэлбэр. Юугаар гэдгийг нь онцолж чухалчлаад байх хэрэг үгүй.

Хавдар гэдэг юм биеийн чинь л нэг эс, тэр нь эзэндээ хянагдахгүй замбараагүй ургаж төлжөөд өөр зүйл болчихоор махан бие тэрийг эсэргүүцээд эхэлнэ. Хэрвээ ухамсарлаж чадвал бүр оргүй алга болох боломж байдаг. Ийм үр дүн зарим хүмүүст санамсаргүйгээр, зарим хүмүүст үнэхээр их хичээл зүтгэлээр ирдэг. Өөрийгөө анирласан үр дүнгээр эдгэдэг. Бүр үхлийн шатанд очсон байхад хүртэл боломж байдаг.

Таалал төгсөхөө хүлээгээд байж байгаа хүмүүсийн хувьд дараа төрөлдөө хэрхэх, та юунаас бүтсэн, хаанаас ирсэн, хаашаа буцах вэ гэсэн үхлийн дараах амьдралыг айлгалгүйгээр ойлгуулах ёстой. Дээрээс нь энд барьцалдахгүй байх нь ямар ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл хойтхыг нь таалал төгссөний дараа биш харин амьд сэрүүн байж байхад нь үйлдэх ёстой.

Одоо бол таалал төгссөнийх нь дараа хойтхыг нь хийгээд байгаа юм. Араас нь ерөөл ном уншаад нэмэр болох ч гэлээ шашныг зөв ухаарвал уг нь тэгдэг юм биш. Байхад нь ертөнцийн наадах цаадах, үхэл болон бусад бүх зүйлстэй шүтэн холбоотой гэдгийг тэр хүнд, өөрөө дотроос нь бүрэн гүйцэт ухамсарлуулж чаддаггүй юмаа гэхэд ядаж оюун санаанд нь ойлголт өгсөн байх ёстой. Оюун санаа жоохон ойлголт авчихад үхэх үйлдэл, үйл явц болж зөөлөн болохоос гадна давчдаад айгаад байхгүй болдог.

Танхимаас: Ай Даа аа. Бурхан болсон хүн дээр тэмдэг тавьдаг даа. Тэрийг аваад төрчихжээ эсвэл танай төрөлд эргээд төрөх юм байна гэдэг ч юмуу энэ талаархи ойлголт юу вэ.

Айдаа Хутаг: Хоёр талыг нь хоёуланг нь хэлье. Нэгдэх нь юу гэхээр, энэ махан биеэ дараа төрөлдөө дахиад барьцалдаад нөгөө тэмдгээ хайгаад үйлээ үзээд хэзээ цугларч ирэх нь үү, цугларч иртэл нөгөө хүн төрөхгүй ч юмуу саатна гэсэн үг. Энэ бол энд үлдсэн нөхдийн эрх ашиг явж байгаа юм.
Хоёр дахь нь атом, молекулын түвшинд бол тэр атом молекулууд эргээд бүрдээд ирэх үйл явц, үйлийн үрийн систем дэх тэр хүний эрхшээлээр, тэр хүний тааллаар болж байгаа бол дараа төрөлдөө ямар нэг юм ухамсарласан байх хэмжээнд арай өөр байна.

Тэгэхээр оюун ухаан махан биеийнхээ хүсэл, өөр юманд татагдаж хөлбөрөхгүй л гэсэн үг. Хэн нэгэн дээр тэмдэг тавих нь буруу ч биш зөв ч биш. Лам нарын хувьд эргээд эндээ авч ирээд л төрүүлээд байвал хамгийн дээд гэж үздэг.

Ер нь бол үйлийн үрийн системийн төрөл дотроо хамгийн дээд төрөл нь хүн. Учир нь зовлон жаргалаас хэтийдэж амар амгалангаас цааш танин барих боломж зөвхөн Хүнд л байна.

Харин Аз жаргал мэдэрдэг гэдэг хэлбэлзлээр бол эх болсон төрөл дотроо хамгийн дээд төрөл нь тэнгэр. Гэхдээ л үйлийн үрийн систем дотроо. Үйлийн үрээс ангид болоогүй тохиолдолд дахиад л эргэлдэнэ шүү дээ.

Үйлийн үрээс ангид болохыг нь нирваан гээд байгаа юм.

Өнөөдөр бол та нарын бодож байгаагаас давсан хариулт хэлсэн байж магадгүй. Маргааш асуувал дахиад арай өөр хариулах байх, магадгүй саяын ярьснаа үгүйсгэж ч болох юм. Тэр нь таны ухамсар яаж мэдээлэл аваад яаж тэлж байгаагаас шалтгаалж байгаа. Шалтгаан нь надаас биш таниас.

Иймэрхүү гадуур тархсан ойлголтуудыг их олон янзаар тайлбарлах боломж байдаг. Ямар нэг юманд баригдахгүйгээр. Чанадын Чанад дахь ойлголтыг нэг л янзаар илэрхийлэхгүй бол олон янзын ойлголт гарах үндэслэлтэй. Эсвэл ганц ганцаар яваад байна гэвэл тэрэндээ баригдана. Тэгэхээр эцэст нь юу гэж үлдээх ёстой вэ гэхээр Хутаг Чанар байна уу өөр юу байна өөрсдөө дотоод мөн чанартаа таних нь чухал.

Та нарт би ямар нэгэн зүйл ойлгуулах гээд, мэдүүлэх гээд байгаа юм ерөөсөө байхгүй. Шаардлага байхгүй. Оюун ухаанаар заавал дамжуулж байж, оюун ухаанд итгүүлж байж, итгэнэ гэж байхгүй дээ ямар нэгэн хэлбэрээр сонирхолыг нь төрүүлж байгаад цаана байгаа сэтгэл зүрх, зүрхнээс цааш байгаа ухамсар, сүнсийг татах нөхцөл боломж бүрдэх учраас заавал урд нь нэг ойлголтууд тайлбар хэрэгтэй болчихоод байна.

Үнэндээ энэ зүйл ямар ч хэрэггүй. Хоол болтол шийр зугаа гэдэг шиг та нарын дотор бүрэн сэртэл шийр зугаа. Яагаад гэвэл би энд хичнээн илэрхийлээд та нарын дотор 100 хувь илэрхийлж ойлгуулж чадахгүй.

Өөрийгөө таньж мэдэхийг хүсэгч хэн бүхэнд зориулав.
Зүрхэндээ анирдахыг хичээгээрэй…

Эх сурвалж: Нийтийн Айлдвараас