Алив зүйлийг ойлголт мэдрэмжээс давж авахыг хичээ. Зүрхэндээ Ай Даа хэмээн сэр.

by admin

Ай Даа Хутаг: Хувь хүний сэтгэхүйгээр Зовлонгийн далайг гэтэлж барах уу? Би үзлээр хэзээ ч барахгүй. Энэ махан бие аль хүртэл явна гэж та нар хэмжээд алх л даа. Энэ Дэлхий хэмээх бодитой оршин буй Хайр Хүндлэлийг бүтэн тойрно гээд замд таарсан бүхнээ ойлгож танина гээд алхъя гэвэл хэдэн сар жил гээд ямар хугацаа зарцуулах вэ. Мөн таны хүч тэнхээ чадвар ухаан харагдах хүртэгдэх бүхнийг мэдэхэд хүрэлцэх үү.

Үгүй л болов уу. Харагдаж мэдрэгдэж байгаа бүхнийг хэмжээ хязгаартай хүлээж авна шүү дээ. Тэгвэл түүнээс давсан чанарыг яана гэж, ийм мөхөс үзэл баримтлал өнгөц ойлголтоор бараадахгүй. Хөл тавьж чадахгүй.

Амьдрах гэж ирсэн юм уу амиа авч явах гэж ирсэн юм уу өнөөдрөөс сонголтоо хийх хэрэгтэй шүү дээ.

Ийм байдлаар учирлахаар хэрхэн тусаж байна. Хандлагын хувьд эндээс гарангуутаа би амьдрах гэж байгаа хүн гээд хүмүүстэй өөрөөр харьцаад янз янз болоод байвал тэр том тэнэглэл болох байхдаа. Одоо бол амиа л авч явж байгаа, амьжиргаагаа залгуулаад амиа л авч явж байгаа, амьдралд нэг ч удаа хөл тавьж үзээгүй байна гэдгээ анзаар. Амьдралд хөл тавьсан хүн байна уу?

Хайрлахдаа цензур үгүй, хайрладаг тийм үйл явц байна уу? Юуг ч байсан хязгааргүйгээр нигүүлсэж байдаг тийм үйл явц байна уу?

Нигүүлсэнэ гэхлээр хэнийг ч хамаагүй барьж аваад тэврээд бай гэсэн утга биш. Нигүүлсэл нь өөрөө ая зөнгөөрөө ундарч байдаг. Хүчлэл хэлбэр үйлдэл үгүй урсаж байдаг үйл явц. Түүнийг гадна талдаа хэлбэр бий болгочхоод нэг л их инээд тодруулаад үйлдэл үзүүлээд явсныг нигүүлсэл гэдэггүй. Та хэдийн би үзэлд зориулж амьдраад үз гэж хэлээгүй шүү. Амьдралд хөл тавиадах гэж хэлээгүй. Би үзэл хэзээ ч чадахгүй, аль ч төрөлдөө чадаагүй юм энэ төрөлдөө чадна гэж үү? Түүний боломж чадавх завшаан угаасаа тийм л байдаг.

Хязгаартай хийсвэр учир дэндүү бодит Хайр Хүндлэлд өөрөө чадахгүй. Чадахгүй зүйлээр хэдэн төрөл дамжаад чадах гэж оролдоод нэмэргүй. Байж болох хамгийн дээдээрээ байгаа нь л тэр шүү дээ. Савхаар ус хутга, 10 л ус, 20 л ус аваад ир гэвэл өвлийн хүйтэнд яаж авчрах вэ та хэд? Савх өгөөд явуулбал, ядаж хөөргөний халбага ч биш зүгээр л савх өгөөд явуулбал, нэгэнт болохгүй юмаар юугаа хийх вэ? Орхи цаашаа.

Өөрөөр хэлбэл та нарын оюун ухаан би үзэл бодол сэтгэл мэдрэмж бол өөрийгөө танин мэдэх үйл явцад савх ч биш, савх нэртэй зэрэглээ. Зэрэглээгээр юу хутгана гэж хажууд нь савх илүү бодитой илүү өгөөжтэй. Олон янзын бясалгал, олон янзын шашин, изм, үзэл баримтлал зуун зуунаас энэ хүртэл түүчээлээд ирсэн олон зүйлс байна. Сайтар анзаарвал бүгд л хий савх барьчихсан л явцгаагаад байна. Тэгээд дотроо талцаад манайх хамгийн дээд нь танайх муу нь гээд…

Өөрийгөө танин мэдэх үйл явцад дээд доодоос ангид чанарыг таних гэж байгаа хүн, дээд доод дотор тэгж цензурлээд өөрийнхөө би үзлээр тэгж тал талд нь гаргаад явж байгаа нь тэнэглэл биш үү. Орчлонг оосор бүч үгүйг таних гэсэн оролдлого нь олон янзын хэлбэр утгаар дүүрчихээр өөрийгөө таних үйл явц биш үзэл баримтлалын гэгээрэл нэртэй элийрэл, дэмийрэл, солиорол болохгүй юу. Зуун зуунд тийм байсан та нар аль нэгэн төрөлдөө энийг даваагүй биш бүгд туулсан энэ төрөлдөө бас бүгд давтаад явж байна. Өчигдрийнхөө дурсамжаар өнөөдөр байдаг хүмүүс урьд насны ямар өгөгдөл байна ямар юм байна яг түүгээрээ үйлдээд л явж байдаг. Та нар урьдынхаа төрөлдөө аль эрт туулаад залхаад төвөг цаашаа гэж байснаа энэ төрөлдөө давтаад л явж байгаа олон янзын урсгал юм руу давхиж очоод…

Урсгал гэснээс урсгал нь нэг ийм төвөг байдаг. Ямар ч урсгал цаанаа ямар нэгэн Тэнгэр, Асури, өөр ухамсар, өөр хүчний хамаарал нөлөө эрх ашиг сонирхол тийм хамаарал харьяалалд байдаг. Бясалгал, шашин гээд нэрлээд байгаа боловч бурханчилсан маш олон тэнгэр буюу дээд жаргаланг хүртэж байдаг давтамжийн хэлбэр үгүй хэлбэрийн нөлөөнд байдаг. Бүх урсгал бүх чиглэл тийм нөлөөнд байдаг. Дор хаяж гэгээрэл гэх тааламж хүсэл тачаал номлолын нөлөөнд. Зарим нэг үйлдлийг тоочвол.

Ямар нэгэн транс байдалд алив зүйлсийн нөлөөтэй өөрийгөө оруулаад дээрээс мэдээлэл авч байна гээд байгаа бол тийм нөлөө тийм баримжааны шууд хамааралд явж байгаа. Энд нэг ийм төвөг байгаа.

Махан биеэ алдах бол нэг тийм их сүртэй зүйл биш махан биеэ алдвал нэг л төрлөө алдаж байгаа.

Махан биедээ зохирохгүй эм аваад хордоод таалал төгсдөг ч юм уу, эмнэлэгт очсон таардаггүй тариа хийлгээд таалал төгсдөг ч юм уу, өөр үйл явцаар таалал төгсөх нь махан биеэ, нэг төрлөө л алдаж байгаа хэрэг. Та хэд энд тэнд очоод тариа хийлгэхээсээ яг ямар тариа хийх гэж байна яах юм бол гээд их эмээдэг шүү дээ. Ийм зүйлээс эмээдэг мөртлөө ухамсартай холбоотой сүнстэй холбоотой нарийн зүйлд хайхрамжгүй хандаж энд тэнд очоод юунд ч хамаагүй барьцалдаад.

Тухайн үед нь ашиг сонирхол нь нийцэж байвал тааламж төрж байвал хамаагүй болдог. Хэдэн төрлөөрөө тэрний хамааралд төөрөх вий, тэрний хамааралд хэдэн төрлөө алдах вий гэдгээс ерөөсөө айдаггүй.

Махан биеэ алдахаас дэндүү их айдаг мөртлөө олон төрлөө буюу мөнх чанараа алдахаас яагаад айхгүй байна?

Энэ ертөнцөд сонирхвол хүн төрөлхтөн болон бусад ухамсруудын бий болгосон хэмжээ хязгааргүй олон зууны мэдлэг мэдээлэл зан үйл байна. Маш олон урсгал, маш олон зүйл байгаа бүр хэдэн зуун жилээр… Эрэлт байвал нийлүүлэлт байна гэдэгтэй адилхан хүн төрөлхтний олонх нь ямар зүйлд автаж байгаа нь ухамсрын хүлээж авах сав нь юу хүсэж байна түүнд нь зориулсан элдэв зүйл зуун зуунд хязгааргүй олон байсан, энэ гайхамшигтай юм биш, шинэ содон зүйл биш.

Өнгөрсөн зууны нар энэ зуунд хэзээ ч мандахгүй, өнгөрсөн зууны гайхамшиг энэ зуунд хэзээ ч завшаан болохгүй.

Тэр тусмаа би гэх үзэл таалагдах үгүйн сонголтоор хүлээж авч байгаа үед хэзээ ч завшаан болохгүй. Харин Зүрх болон зүрх мэт чанараараа цаад билэг чанартаа тосож авч байгаа бол завшаан байтугай болно. Харамсалтай нь та бүхэн хэзээ ч тэгдэггүй тааламжаараа, мэдрэмжээрээ, сонирхлоороо, би үзлээрээ л тэрийг сонирхож хүлээж авах гэж хүчилдэг. Юу ч байсан. Энд ч гэсэн тийм байдалтай л сууж байгаа.

Би гэх хамаарал нь Амьжиргаа хэмээх зүүдэнд тэмтчүүлнэ. Би гэгчийг хэрэглэх мөчөөс Амьдралд морилно.

Учирлавал Таны би үзэлд зориулсан юм ганц ч хуучлаагүй ээ. Мөн үг утгаар ямар нэгэн зүйл илэрхийлээгүй. Үг утгыг зөвхөн энд та нартай харилцах гэж хэрэглэж байна. Та бүхэнтэй харилцаа үүсгэхийн тулд хайр хүндлэлийг илэрхийлэхийн тулд үгийг хэрэглэж байна. Утгыг хэрэглэж байна.

Энд ямар нэгэн завшаан байхгүй үг утгаас давсан чанарт харин завшаан бий. Түүнийг та нар хүлээж авах болов уу үгүй юу. Энд ойлгох юм байхгүй, ойлгож байна гээд толгой дохиж байгаа нь таны төөрөгдөл. Та тэгээд энд нэг юм ойлгочхоод дараа нь түүнийгээ өөр хүнд яриад түүнийг ойлголтоороо төөрүүлээд явна шүү дээ… Яриад мэдэмхийрээд цэцэрхээд.

Алив зүйлийг ойлголт мэдрэмжээс давж авахыг хичээ. Зүрхэндээ Ай Даа хэмээн сэр.

Үргэлжлэл бий…

Зүрхэндээ анирдах ерөөлтэйг үг утгаар уншуулж байгаадаа хүлцэл өчье. Учир юу гэвээс Ай Даа Хутагийн Айлдвар, Сургаал, Сударыг бичгийн хэлэнд дуун хөрвүүлэг үйлдээгүй болно.

Өөрийгөө таньж мэдэхийг хүсэгч хэн бүхэнд зориулав.
Зүрхэндээ анирдахыг хичээгээрэй…

Эх сурвалж: Нийтийн Айлдвар