Танхимаас: Хүнд хэдэн төрөл байдаг юм бэ?
Ай Даа Хутаг: Чанадын билигтэй учирснаас хойш хэдэн төрөл байх вэ гэж үү? Эсвэл учраагүй хүн үү?
Танхимаас: Үгүй ээ одоо, өмнө нь хэдэн төрөл амьдарсан, дараа нь хэдэн төрөл амьдрах бол?
Ай Даа Хутаг: Таны олон төрлийн араг ясыг овоолбол дүнхийсэн сүрлэг нуруудаас ч өндөр том болох байх даа. (Инээв) Та нарын оюун ухаанд цаг хугацаа орон зайны хувьд баримжаа хэрэгтэй байдаг. Энэ баримжааг давчихвал цаг хугацаа орон зай зөвхөн хэрэглээнд л хүртэгдэнэ. Эл Чанар одоо ингээд байж байхад өнгөрсөн, ирээдүй гэх нь ч, та урьд нь ямар төрлүүдэд , надтай ямар учрал ерөөлтэй байсан гээд л бүгд төвөг үгүй харагдана. Үүгээрээ үзмэрч гэсэн утга биш л дээ. /Инээв/ Баахан хүмүүс үзүүлье гээд суучихвий дээ. /Бүгд инээлдэв/
Энэ Чанарт тэгж хэлбэр үүсгэж хэн нэгэн болох шаардлага байхгүй. Энэ Чанарт үнэхээр байхгүй. Гэхдээ усыг нь уувал ёсыг нь дага гэдгээр шүтэлцэхүйн дунд нэгэнт л орших гэж хичээж байгаа болохоор, заримдаа ууж идэх, өмсөх зүүхтэй холбоотой, энэхэн заяатай Би-тэй хамааралтай жаргал зовлон, унаж босох хүмүүсийн асуудал бэрхшээлийг сонсох шаардлага гардаг. Тэгэхдээ дуулгахад л хангалттай.
Түүнээс нэг хариу сонсох гээд л аргалуулж, чаргалуулах, засуулах гээд хэлбэр үйлдэл хүсээд ингээд байх шаардлага үгүй.
Ер нь учрал, завшаан гэдэг хайхрамжгүй хандах зүйл биш байдаг.
Та бүхний олон төрлийн аяллынх нь дундуур, үлгэрлэвэл үзэгчдийн урд хэн нэгний дүртэй нөхөр гарч ирээд шоу үзүүлчхээд ордог шиг, тийм зүйлээр энэхэн насанд нь аргацаахыг үнэхээр хүсэхгүй байгаа юм.
Танхимаас: Яагаад ?
Ай Даа Хутаг: Би та нарын аяллын нэг хөтөлбөр биш, шоу биш, та бүхэнд тийм алдас хийлгэмээргүй байна, өөрөө өөрт нь алдас хийлгэмээргүй байна. Уг нь бол маргааш өглөө 8-н цагт байсан, хагас сайн өдөр тогтмол 3 дахь өдрийн 12 цагаас явагддаг тогтсон цагтай “ЗАЛУУ ХУТАГТ” САН гэдэг байгууллагын хөтөлбөр байгаа юм. Тэр хөтөлбөр нь л явж байгаа. Түүнээс та бүхэнд тусгайлан зориулаад болж байгаа үйл явц биш. Угаасаа тогтмол явагддаг үйл ажиллагаа дотор та хэд орж ирээд айлдварт хамрагдаж байгаа нь энэ.
Ингэвэл та нарт арай алдас багатай болов уу гэж. Тэгэхдээ та бүхний дууддагаар Ай Даа Чанар та хэдийн алдас, та бүхэнд хүнддэх болов уу гээд үүнийг ингээд цайруулж байгаа юм.
Ямар нутаг, ямар ээж, аав дээр төрөх нь хүн заяанд ирэхэд хамгийн хэцүү ерөөл байдаг. Тэгвэл энэхэн нас биш, хэдхэн төрөл биш, мөнх чанар, түүнээс Чанадын авшгийг хүртэнэ гэдэг бол… ийм зүйл дээр та нар цаг хугацаагаа, тэртэй тэргүй бодол, сэтгэл, мэдрэмждээ хамаг нас, хамаг цагаа бараад байж байгааг нь та нарын өмнөөс харахаар үнэхээр тийм л байгаа юм л даа.
Тэгэхдээ яах вэ усыг нь уувал ёсыг нь дагая. Би та нарын дунд энэ зуунд хамт байгаа учраас усыг нь уувал ёсыг нь дагах хэрэгтэй.
Хүчлээд ч хамаагүй…. Намайг багахан ч гэсэн баримжаалъя гэвэл доод тал нь долоон төрөл хэрэгтэй. За долоон төрлийг нь болъё гэхэд энэ насандаа, энэ заяандаа, энэ учралдаа, энэ завшаандаа, энэ зуундаа мөр зэрэгцээд байж байгаа гэдгээр нь билэгшээгээд зөөлрүүлье гэвэл, та нарт доод тал нь энэ нас ахархан хичээвэл 2 жил хэрэгтэй.
Түүнээс ганц удаа учраад, та хэн бэ гээд хэдэн юм хэлүүлээд болчихдог юм үнэхээр биш. Хэн нэгнээс давсан Энэ Чанарыг яах вэ? Хэн нэгэн байх нь уйтгартай болсон байвал яах уу? Балчир насны баривчиндаа багтахаа байсан Энэ Чанарыг яах вэ? Ганцхан энэ төрөлдөө биш, арван хэдэн төрөлдөө.
Та нар агшин тутамд амьсгалж байгаа агаарынхаа ч учрыг олдоггүй шүү дээ. Тэгвэл түүнээс Чанадыг яаж олно гэж тэгэхээр л хугацаа хэрэгтэй байгаа юм. Олон төрөл дамжих хэрэгтэй, та нар өнгөрсөн төрлүүддээ дандаа хэн нэгнээр дамжиж ирсэн…Би цоо шинэ хүнтэй тохиолдлын чанартайгаар хэзээ ч учрахгүй хэзээ ч …
Та нарын амьсгалж байгаа агаар хүртэл ерөөлтэй учраас амьсгалж байгаа шүү дээ. Түүнээс тохиолдлын чанартайгаар энэ агаарыг амьсгалах ёстой, энийг нь амьсгалахгүй, энийг тохиолдлоор амьсгалчихлаа гэдэг учир үгүй.
Бүх юм тийм л байна.
Үргэлжлэл бий…
Зүрхэндээ анирдах ерөөлтэйг үг утгаар уншуулж байгаадаа хүлцэл өчье. Учир юу гэвээс Ай Даа Хутагийн Айлдвар, Сургаал, Сударыг бичгийн хэлэнд дуун хөрвүүлэг үйлдээгүй болно.
Өөрийгөө таньж мэдэхийг хүсэгч хэн бүхэнд зориулав.
Зүрхэндээ анирдахыг хичээгээрэй…
Эх сурвалж: Нийтийн Айлдвараас…
