Танхимаас: Амьдралыг утга учиртай гэж итгэдэг. Өөр өөр хэмжүүртэй байгаа ч гэсэн яг тийм утга учиртай гэж хайх үзүүр байдаг юм болов уу? Оновчтой юм байдаг уу? утга учир хайхад…
Ай Даа Хутаг: Амьдарч байна уу? Амиа авч явж байна уу?
Танхимаас: Аан юу гэсэн бэ?
Ай Даа Хутаг: Амьдарч байгаа болов уу? Амьжиргаагаа залгуулах гэж явж байгаа болов уу? Амьдарч байгаа хүн байна уу? энд. Амьдрал гэдэг нь юуг хэлэх вэ? Зүгээрээ хамаагүй та хэл хэл, энд ямар шалгалт авч байгаа биш хоорондоо зүгээр яриа үүсгэх гэж л байгаа юм.
Танхимаас: Өөрийн гэсэн үр хүүхдүүдээ төрүүлээд л ерөнхийдөө тэднийхээ төлөө зүтгэж байгаа тэр зүйлийг л амьдрал гэж байгаа байх.
Ай Даа Хутаг: Тийм, та хэдийн хувьд хүний амьдрал бол тийм. Гэхдээ та хэдийн хүсээд тэмүүлээд байгаа зүйл энэ мөн гэж үү. Танхимаас: Харин тийм өөрийнхөө дотоод ертөнц рүү өнгийх, дээрээс нь яг энэ амьдрал дээр гадагшаа хүмүүстэй харьцахдаа багтай юм шиг заримдаа харьцдаг. Тэгэхдээ дотоод мөн чанартаа би хэн бэ гэдгээ өөрөө өөрийгөө олоогүй яваад байдаг. Зарим үед өөрийгөө дүгнэх гээд тэгж бодоод, тэрийг хаанаас хайх учраа олдоггүй. Яг тэр талаар хариултыг эндээс авах боломжтой байх гэж бодоод ирсэн.
Ай Даа Хутаг: Таны асуултад хариулахад таны тархинд зориулсан зүйл нэг ч үгүйг анзаараарай. Таны хувь хүн Би үзэлд зориулсан юм байхгүй бол яах вэ гэж имээж байна? Би гэдэг үзэл баримтлал, түүнд хэрэгтэй зориулагдсан тийм зүйл байхгүй бол яах вэ? Танхимаас: Заавал тийм хэрэгтэй гэдэг утгаар нь биш, аливаа юмыг би сонирхох дуртай тэгэхээр эндээс аль болох л сайн талыг нь хараад байна л даа.
Ай Даа Хутаг: Харин сайн, муугийн аль нэг дээр нь дэнслэхгүй бол хүлээж авч чадах уу?
Танхимаас: Мэдээж хэрэгтэй байх гэж бодож байна. Би зүгээр дотоод итгэл үнэмшлийнхээ хувьд ингээд хүрээд ирсэн. Айлдвар гэхээр нь, намайг нэг зүйл дуудаад байгаа юм шиг мэдрэмж төрөөд байсан сонссон цагаасаа эхлээд л.
Ай Даа Хутаг: Юунаас мэдсэн бэ? Та
Танхимаас: Хүнээс сонсоод дотоод мөн чанартаа юун хүн бэ? Ямар ч л байсан хэрэгтэй гэж бодоод байсан боловч ирэх цаг хугацаа нь үүсэхгүй л байгаад байсан. Би заавал цензүрлэх албагүй л дээ.
Ай Даа Хутаг: Таны хувьд өөрийгөө танина гэнэ үү, дотоодоо танина гэнэ үү, эх үүсвэртээ буцна гэнэ үү, гэгээрнэ гэнэ үү, амьдралыг ухаарна гэнэ үү ийнхүү яваад байгаа үйлдлүүд нь бие хүний бодол сэтгэл мэдрэмж.
Би үзэл гэх мэт баримжаагаар хэзээ ч танин баригдах боломжгүй тийм Чанадын завшаан байдаг билээ.
Угаасаа ийм зүйлээс давцан хэтийдсэн хүртэхүйг ийм ядмаг харилцааны хэрэглэгдэхүүнээр танин барина гээд хэдэн төрлөө барсан ч адилхан байна. Зөвхөн түүчээ л болох учиртай. Бид нар бол олон төрөл ийм л жимээр өчнөөн дахин давтаад уйдахгүй, ухаарахгүй тэгж л яваа хүмүүс л дээ. Хэдэн төрлийг ч түүнд зориулаад, энэ насандаа хэн болох гээд явж байгаа Би үзлийн хувьд өөрийгөө юу гэж мэдэрч, яаж хүртдэг вэ гэдгээрээ хамгийн бодитой чанарыг, бодьгүй хийсвэр зөвхөн энэхэн насанд хэрэглэгдэх мэдрэмжээр болон энэ бүхнээр танин барина гээд явахаар та нарын цаг хугацаа барагдана.
Үр дүн яах вэ? Үр дүн нь мэдрэмжийн хувьд арай өөрөөр хүртэгдээд л, юм бүхнийг хайрладаг, хүндэлдэг учир бүхнийг оносон тааламжид дүүрсэн юм шиг болоод л, мэдрэмжийн хувьд багахан амтлаад л үргэлж дутуу гажууд тэгээд цааш дөрлүүлээд явсаар байх уу. Амьдрал утгатай байсан бол бидний зовлон Би үзлийн зовлон шүтэлцэн хамаарах зовлон ямар байх байсан вэ. Утга үгүйг утга оруулж яваа нь хүний амьдрал билээ. Амьдрал утгатай, утга үгүйгээс давсан чанар.
Хэрхэн хөг оруулж утгатай, утга үгүйд явах нь хүн заяаны хэрэг ээ. Гэвч өөрөө зохируулах буян заяаг эцэстээ мэдрэмж, тааламж, төсөөлөл, үзэл баримтлалын хамааралд энэ нас, дараачийн олон төрлөө барж байна. Мэдрэмж бол хүн заяанд мэндлэгсдийн хувьд зүгээр л хэрэглээ болохоос биш, өөрийгөө танин мэдэх үйл явцад хөтлөх завшаанд дөхөхгүй ээ. Зүгээр л хэрэглээ шүү дээ, ямар нэгэн зүйлийг баримжаа авахын тулд л мэдрэмж бодол сэтгэл, Би үзэл хэрэглэгдэнэ. Дээшээ доошоо, урд хойд зүг гэж баримжаа авахын тулд хэрэглэдэг шиг ийм л хэрэглээ.
Түүнээс Чанадыг танин барихад энэ бүгдийн аль нь ч дөхөж очихгүй ээ, мөхөстөнө. Одоо та хэд энд ямар буян заяаны савтай ирсэн бэ гэхээр Би гэдэг үзэл баримтлалын савтай түүгээрээ алив зүйлийг өөрийн ертөнцөд таацуулан хүлээж авна, эсвэл эсэргүүцнэ гэдэг савтай энд сууж байгаа. Харамсалтай нь түүнд нь зориулсан зүйл энд алга. Үзэл баримтлалын саванд нь юу ч хийсэн гэсэн таалагдана таалагдахгүй, сайн муу, тийм үгүйн аль нэг дээр л тонгочно.
Яах Вэ үр дүн гэвэл тухайн агшинд таатай эсвэл таагүй байх ч юм уу. Тэгэхдээ тэнд үр шим байхгүй шүү дээ, та нарт завшаан байхгүй. Энэ насандаа өөрийгөө Би-гээсээ давсан чанарт нь танин барих тийм завшаан байхгүй. Тэгээд яах вэ баахан мэдлэг хураасан энэ тэндээс хэдэн зуун дамжсан мэдлэг уншиж судлаад дуулсан, бясалгадаг гэдэг юм уу суугаад хэлбэр үүсгээд тэгээд мэдрэмжин дотроо, мэдрэмжээс тааламж дотроо дахин түүндээ тааламж хөөж тонгочдог тийм л хүн болж байна шүү дээ.
Ер нь зуун зуунд ийм л байдаг та ч олон төрөл дамжаад л ингэж яваад ирсэн. Тэгээд урьд насныхаа амьдрал гэнэ үү юу гэнэ ууж идэх, өмсөж зүүх, гэр бүл зохиох, гээд иймхэн баримжаанд амьдарч байна гэж цамнаад энүүхэн дотор л хангалттай олон төрөл явсан. Энэ төрөлдөө анх удаа ингэж явж байгаа юм биш л дээ. Амьтны заяанд байхдаа ч гэсэн бас л үр, зулзага гээд л явж байсан. Тэгээд бүх юм цоо шинээр эхэлж байгаа юм шиг хандаад л, ийм богинохон цаг хугацааг, мэдрэмж бодол, сэтгэл, Би үзэл өөр юу байдаг юм их олон зүйлийн хамааралд үрдэг.
Та бүхний цагийг барах зүйл их олон байна л даа. Цагаа баруулж байгаагаа ч өөрсдөө мэдэхгүй Би бодож байна, Би сэтгэж байна гээд яваад байхаар цаг нь барагдаж байгаа нь яаж хүртэгдэх билээ дээ. Та нар боддог байсан бол Би бодож байна гэж тодотгох ямар хэрэгтэй юм. Мод би мод байна гээд орилдоггүй биз дээ.
Харамсалтай нь хүн заяанд ирчихээр ухамсар, оюун ухаан гэдэг нь үйл явцын хувьд, өгүүлэмжийн хувьд юмыг хүртэх харилцааны хувьд хэрэглэгдэж байгаа өөр юмыг арай өөр баримжаатай болгоод ирэхээрээ л Би- гэх тэр үл хамаарал нь илүү их хамааралтай болж эхэлдэг. Та нар агаараа өөрсдөө олж амьсгалж байгаа юм уу? Тэгэхэд агаар мэт ийм чанар та нарт хаанаас ч хайгаад, хаанаас ч гуйланчлахгүйгээр заяагдмал халгисан их буян байгаа биз дээ.
Тэгтэл та нарын өөрсдийн бүтээгээд бий болгоод байгаа зүйлүүд нь ямар баримжаа байна. Ямар ч байсан амин чанар лав биш, тэр чанадын завшаануудын аль нь ч байхгүй. Танин барих гээд байгаа зүйл нь бол ядаж энэ шүү дээ.
Агаар мэт чанар, түүнээс чанад.
Тэгээд агаар мэт ийм баригдаж хүртэгдэхгүй мөртлөө бодитой амь оршоож байдаг ийм чанарыг, өөрөө баригдаж хүртэгдэхгүй мөртлөө, өөрөө баригдаж хүртэгддэг юм шиг царайлдаг Би үзлээр яаж танин барина гэж. Амьдрал бол агаар мэт чанар. Ийм нигүүлсэл, хайр хүндлэлийн дээдийг харилцан ашиг хайдаг Би гэх хамаарлаар хэрхэн онох билээ.
Өөрийгөө танин барина гэдэг бол бодитойгоос бодитой руу хөтөлдөг ийм үйл явц шүү дээ.
Түүнээс хийсвэрээс хийсвэр лүү живдэг юм биш. Мэдрэмжээс мэдрэмж рүү, тааламжаас тааламжид автдаг зүйл биш. Энэ зуунд гэлтгүй өнгөрсөн олон зуунд өнөөгийн ийм олон бясалгал, шашин, мэдлэг, номлолоос авхуулаад их олон сонголт байсаар ирсэн.
Тэгээд та нарын явж байгаа завшаан нь хэрхэн яваад ирсэн вэ. Аль нэгэн шашин гэнэ үү, судар сургаал гэнэ үү, бясалгалын өөр өөр сонголт гэнэ үү иймэрхүү хамааралд та бүхэн өмнөх олон төрөлдөө даваад ирсэн биш, бүгдийг нь дайраад ирсэн. Нэг ч давсан хүн байхгүй. Урьд насны нэг ийм өгөгдөл, үйлийн үртэй холбоотой мэдээлэл, давтамж байгаа учраас энэ насандаа хүлээгээд авахаар хүртэгдэхүүний хувьд ойрхон арай өөрөөр хүлээж аваад байгаа юм. Иймэрхүү талын ойлголт мэдлэг, мэдрэмж, тааламжууд нь, харамсалтай нь мэдлэг мэдрэмжээс давуулж дөнгөхгүй танин барих завшаан үгүй маш олон гэгээнтнүүд, номлогчид, мэдрэгсдийг л бэлдэж байгаа шүү дээ.
Гэгээнтнүүд, номлогчид, мэдэмсэрүүд яана гэж аль үгүйг ч танин бариагүй байж наана нь хэчнээн мэдэмхийрээд яана гэж? Гэгээнтэн гэдэг бол гэгээрлийн замд эргэж буцалтгүйгээр энэ нас болон дараа бүх төрлөө зориулна гээд нэг мөсөн хөл тавьсан хүнийг хэлдэг. Өөрөөр хэлбэл тодотгож байна гэх юм уу, эмч болох гээд, инженер болох гээд, оюутан гээд явж байгаа хүмүүс гэдэгтэй адил. Түүнээс сэрсэн таньсан гэсэн утга биш, Төвөдөөр бол Ринбүүчи гэдэг.
Ай Даа Хутаг: Асуулт байна уу?
Танхимаас: Олон төрөлдөө таньж чадаагүй, тухайн нэг насаа өөр юманд сатааруулсаар байгаад дуусгаад дахиад төрөөд, дахиад өөр юманд сатаарсаар байгаад дуусгасан гэхээр ер нь тодорхой дуусах цэг гэж байдаг юм уу?
Ай Даа Хутаг: Үнэмлэхүй бус Оюун ухаан л дуусах юманд дуртай. Оюун ухаан бол эхлэл төгсгөлд дуртай. Тэгэхээр баталгаа нь юу вэ? Асуултын ерөнхий хандлага нь юу гэсэн утга байна?
Танхимаас: Тэгэхээр одоо амьтны төрөлд байхдаа яг тийм байж байгаад, хүн болоод бас тийм байгаад одоо хүртэл тийм байна гэхээр ер нь ингээд яваад л байна гэсэн үг үү?
Ай Даа Хутаг: Ямар нэгэн зүйлд бэлтгэл шат заавал хэрэгтэй байдаг. Та нар 1-р ангид орохын тулд бэлтгэл ангид заавал сурдаг биз дээ. Эсвэл дараагийн ангид орохын тулд өмнөх ангид. Түүнтэй адил шүтэлцэн оршиж байгаа мөн чанар буюу энэ чанарт энэ матери үйл явцад ирсэн бол усыг нь уувал, ёсыг нь дагана.
Ай Даа Хутаг: Та юу бичиж байгаа юм?
Танхимаас: Таны ярьж байгааг
Ай Даа Хутаг: Хэрэггүй ээ, энэ цагаа өөртөө зориул. Өөрийнхөө ойлгосныг наанаа бичнэ, дараа нь өөрийнхөө ойлгож бичсэнээ уншина, тэгээд өөрийгөө ойлголтын төөрөгдөлд оруулаад төвөг юм биш үү? энд та нарын тархинд зориулсан үг утга, учир жанцан байхгүй. Би энд үг утга учрыг зүгээр хэрэглэж байгаа болохоос биш энд мэдэмхийрээд номлоод сургаад байгаа юм биш ээ.
Алив үзэгдэл байна, байх үгүйгүйн аль нэгийг сонго гэвэл байна гэдгээр та нарт хүргэх гээд байгаа юм ерөөсөө биш, үг утгыг зүгээр хэрэглэж байгаа юм. Үг утгаас давсан чанарт нь таны Би-үзэл, олон янзын хүртэгдэхүүн байгаа энэ завшаанд нь үүлэн чөлөөний нар гэдэг шиг заяа нь гийж амжвал, тэр завшаанаар нь, тэр сиймхийгээр нь нэг ч гэсэн авшиг, нэг ч гэсэн чанадыг хэзээ нэгэн агшинд бүрэн танин барих буяны үр суулгаадахвал аштай сан.
Түүнээс энд үг утгаар та нарт юм дайх гээд байгаа юм биш. Үг утгыг зүгээр харилцааны хувьд хэрэглэж байгаа юм. Тэрнээс үг утганд учир байгаа юм биш, тэр тийм хамаатай биш. Та нар тэрэнтэй тэрэнгүй үг утгын дотор төөрөөд явж байгаа биз дээ? Олон учрын дотор, нэг их олон учир мэддэг хүмүүс, бүгдээрээ учиртаа төөрчихсөн.
Учиртаа төөрөх нь бие хүний зовлон, жаргалдаа төөрөхөөс бүүр илүү төвөгтэй. Бүх юмыг мэддэг юм шиг царайлаад түүнээсээ давж чаддаггүй. Мэдэмхийрэл дотроо төөрчихөөр бүүр хэцүү. Юу явж байлаа?
Танхимаас: Ингээд л амьдраад байх юм уу?
Ай Даа Хутаг: Аан за. Та нараас асуусан шүү дээ, амьдраад байна уу? амиа авч явж байна уу? гээд. Амьдарч байгаа бол үйл явц нь, өгүүлэмж нь та нарын хүртэх баримжааны хувьд их өөр байна л даа. Үнэхээр өөр байна. Хэзээ ч ийм харанхуй бүдүүлэг байхгүй. Юм болгон дээр барьц алдаад, хүртэгдэхүүн алдаад, би хэн билээ гээд өглөө болгон сэрээд байх юм биш. Хоёр сонголтод бүдчихгүй ээ.
Үргэлжлэл бий…
Зүрхэндээ анирдах ерөөлтэйг үг утгаар уншуулж байгаадаа хүлцэл өчье. Учир юу гэвээс Ай Даа Хутагийн Айлдвар, Сургаал, Сударыг бичгийн хэлэнд дуун хөрвүүлэг үйлдээгүй болно.
Өөрийгөө таньж мэдэхийг хүсэгч хэн бүхэнд зориулав.
Зүрхэндээ анирдахыг хичээгээрэй…
Эх сурвалж: Нийтийн Айлдвар